Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Л.Номин, аудитор бөгөөд нягтлан бодогч Д.Сувдаа, аудитор Г.Баярмагнай нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт дахин үйлдэж шүүхэд шилжүүллээ. Л.Номин уг албан тушаалыг хашиж байхдаа 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж, албан томилолтын төсөв баталж, ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.Сувдаа, аудитор Г.Баярмагнай нарын дансанд 500-700 мянган төгрөг шилжүүлж, өөртөө 1.2 сая шахам төгрөг олгосон байдаг.
Гэвч тэд уг томилолтдоо явалгүй, мөнгийг нь завшиж, дээрх аймгуудад ажилласан мэт тайлан, санхүүгийн баримт бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд гурван сая орчим төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон юм. Уг нь тэдэнд холбогдох хэргийг 2021 оны өвөл АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж байв. НПГ-аас 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлснийг мөн оны арваннэгдүгээр сард хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон юм. НПГ-ын хяналтын прокурор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны, Улсын дээд шүүхэд хандсан ч амжилт олоогүй учраас АТГ-ынхнаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгээд ийнхүү анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.