Бурхны шашны сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл ойрын өдрүүдэд зарим цахим мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч буй. Эл мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдээс тайлбар мэдүүлэг авах, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчээр дүгнэлт гаргуулахаар хандаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохын тулд холбогдох шалгалтыг хийж байна. Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж буй аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-5 дахь хэсэгт заасны дагуу “Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалаас нийтэд мэдээлэх боломжтой хэсгийг нь хүргэх болно” гэж тайлбарлалаа.