Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тэрбээр эл өртөөний дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар, “Силкрөүд ложистикс” ХХК-ийн менежер Ч.Ганчулуун нарын ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5-6 дугаар сард хахууль авсан хэмээн буруутгагдаж буй. Түүний хахуулийн мөнгийг “Сонсголон бармат” ХХК-ийн захирал С.Сүхбаатар Хаан банкны дансаараа дамжуулан бэлнээр гаргаж аваад “Толгой” өртөөнөөс холгүй орших “Номин супермаркет” дэлгүүрийн авто зогсоол дээр Т.Үржинд өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон аж. Тэд вагоны салбар зам ашиглах эрх авахын тулд эл албан тушаалтанд 33 сая төгрөг өгсөн гэнэ.
“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтантай холбоотой, олны анхааралд байгаа хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл, түүний ах С.Баттулга, хахууль өгсөн гэж буруутгагдаж буй Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт НПГ-аас хээл хахууль авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 30-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлолоо. Энэ шүүх хуралдаан хүртэл С.Батдөлийг цагдан хорьсон хэвээр байх бол, бусад шүүгдэгчид авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болов.