ЗТХЯ-ны албан тушаалтан Т.Уянгад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, Европын орнуудаас ачаа тээвэрлэн Монголд авчирдаг, Г.Эрдэнэхөлөг, Г.Ганпүрэв нарын 2019 онд үүсгэн байгуулсан “Энтайр глобал ложистик” ХХК-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж.
2020 онд тус компанийнхан ЗТХЯ-нд хандсан бөгөөд тухайн үедээ ямар нэг гэрчилгээ, зөвшөөрөл аваагүй байж. Гэтэл ЗТХЯ-ны дээрх албан тушаалтан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гэрчилгээ сунгуулах гэсэн байдлаар баримт бүрдүүлж, худал танилцуулга хийгээд хурлаар хэлэлцүүлсэн гэнэ. Уг нь ЗТХ-ийн сайдын баталсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журамд “Гэрчилгээний эх хувийг хавсаргана. Гэрчилгээжүүлсэн объектын ашиглалт, үйл ажиллагааны тайлан зэргийг хавсаргана” гэж заажээ. Эдгээр материалыг зохих ёсоор бүрдүүлээгүй байхад шаардлага хангасан гэж танилцуулан ЗТХ-ийн сайдын 2020 оны долдугаар сарын 1-ний А/115 дугаартай тушаалын хавсралтад “Энтайр глобал ложистик” ХХК-ийн Төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хугацааг гурван жилээр сунгахаар шийдвэрлүүлж, шинэ гэрчилгээ олгосон байж. ЗТХЯ-ны албан тушаалтан Т.Уянгатай хамт дээрх компанийн эрх бүхий албан тушаалтныг Эрүүгийн хуулийн 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцжээ.