Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн дарга Р.Галбадрах, нягтлан бодогч Б.Алтансүх, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.Амартүвшин нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тус төв 2019 онд орон тоо дутуу ажилласан атал төсвөөс үлдсэн мөнгийг нь ажилтнуудынхаа данс руу шилжүүлэн авч шинэ жил тэмдэглэсэн, үр ашиггүй зарцуулж шал угаагч машин худалдан авсан хэмээн тэднийг буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн “Аами, Таами” тасагт ажилладаггүй хүнд хууль зөрчин цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлж байсан хэмээн яллагдагчаар татсан байдаг.
Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 22.8-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүх Р.Галбадрах, Б.Алтансүх, Т.Амартүвшин нарт холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд тэдний төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, шал угаагч машин худалдан авсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Ингээд Р.Галбадрахыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж хохирол учруулсан гэм буруутайд тооцон, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, нийт 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Харин Б.Алтансүх, Т.Амартүвшин нарын нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Давж заалдах шатны шүүхээс гол зохион байгуулагч, нягтлан бодогч Б.Алтансүхээс нь илүү өндөр ял оноосон гэж дүгнэн Р.Галбадрахын торгох ялыг багасгасан бол Т.Амартүвшинг нь цагаатгасан байна.