УИХ, Стэнфордын их сургууль, “Бан Ги Мүн” сан, БНСУ-ын “Эва” эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг маргааш, нөгөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Хуралдаанаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар хуралдаанаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөр Азийн бүс нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, түүн дотроо тавдугаарт тусгасан жендерийн тэгш эрхийг хангах асуудлыг онцгойлон хэлэлцэх аж. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж “Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байгаа. Монгол Улсад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улс төрийн намууд баримталж байна. Ийм тохироо бүрдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой” гэв.
Чуулга уулзалтад 10 орны, нэр хүндтэй 52 зочин оролцохын дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн багтаж буй юм. Оролцогчид дээд боловсролын салбар болон шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцах юм байна.