Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж дуусжээ. Тодруулбал, тус сумын газрын даамал Ц.Гантөгс албан тушаалаа ашиглаж “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирал Ч.Бат-Эрдэнэд эрх олгосныхоо хариуд 36 удаагийн үйлдлээр хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд газрын даамал нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гавшгай ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Ё.Батцэнгэлийг албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн “Цацрал сайхан” компанийн нэрээр авлага үүсгэн, зарлагын баримт үйлдэж 6.6, “Баянхан жаргалант” ХХК-ийн нэрээр 9.5, “Даанта” ХХК-ийнхаар 4.7, өөртөө илүү цалин бодож 7.7 гээд нийт 28.7 сая гаруй төгрөг авч, “Гавшгай ус” ОНӨААТҮГ-т хохирол учруулан, эдийн засгийн давуу байдал хувьдаа олж авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлээд буй юм.