Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад ирээд буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг угтах ёслол өчигдөр нийслэлийн төв талбайд 11.00 цагт болсноор энэ удаагийн төрийн айлчлалыг албан ёсоор эхлүүллээ. Хоёр улсын Төрийн тэргүүн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснийхээ дараа ганцаарчлан уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Түүнчлэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо. Манай хоёр улс Төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн. Ерөнхийлөгч Анджей Дуда өмнөх айлчлалаас 10 жилийн дараа манай улсад ирээд байна. Бид хэлэлцээний үеэр сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй “Ковид-19” цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахаар санал нэгдлээ. Бүгд Найрамдах Польш Улс нь манай орны гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг мөчүүдэд ч харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй, идэвхтэй өрнүүлж ирсэн.
Польш улс Монгол дахь ЭСЯ-аа сэргээх шийдвэр гаргаж, энэ удаагийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байна. Мөн хоёр улсын парламент, Засгийн газар, төрийн байгууллага, баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хоорондын харилцаа идэвхэжсэнээр худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрлээ. Польш Улс 1990 оноос өмнө Дархан-Уул, Чойбалсанд царууц тоосго, шохойн, Улаанбаатарт хөнгөн бетонын үйлдвэр, мод боловсруулах комбинат, Хархоринд дулааны цахилгаан станц байгуулсныг бид мартаагүй. Хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл болох худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчны салбарт олон ажил хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчин, геологи, уул уурхайн салбарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдлээ” гэв.
Харин БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда “Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дээд түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой. Айлчлалын багт манай улсын парламент, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нар багтан Монголд ирээд байна. Бид хэлэлцээний үеэр олон улсын гэрээнүүдэд гарын үсэг зурж, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ. Ялангуяа геологи, уул уурхай, байгаль орчин, боловсролын салбарт. Манай хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны арвин туршлагатай. Польшид 350 орчим дээд сургууль бий. Тэдгээрт монгол оюутан суралцуулах боломжтой. Энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль, ялангуяа байгаль орчны сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, цөлжилт, ойжуулалтын судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтрах, өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн. Цар тахал, Орос, Украины харилцаа зэрэг улс төр, цаг үеийн асуудлаар ч санал солилцлоо. Монголын геополитикийн нөхцөл байдал, байр суурийг бид сайн ойлгож байна. Монгол Улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь сайшаалтай хэрэг. Манай улс тус орноос дүрвэгчдийг хүлээж авсан. Польш улс Монголд ЭСЯ-аа сэргээн байгуулах шийдвэрийг 2021 онд гаргасан бөгөөд өнөөдөр албан ёсоор нээж байна” хэмээгээд манай улсын Төрийн тэргүүнийг Польшид урьснаа мэдэгдлээ.
Айлчлалын хүрээнд Монгол, Польш улсын холбогдох албаны хүмүүс олон улсын авто замын харилцааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр, мал эмнэлэг, архив, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг, молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурав. Тэрчлэн МҮХАҮТ-д “Польш, Монголын бизнес форум” энэ өдөр боллоо. Үүнд хоёр орныг төлөөлж 400 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч оролцсон юм. Харилцаа өргөжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын бизнес эрхлэгчид Монголыг сонирхож байгааг Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглээд, 2024 оноос Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийг тэлэхэд чухал ач холбогдолтойг хэлэв. Польш улсын бизнес эрхлэгчид сүү, сүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, эрчим хүч, барилга, зуучлалын чиглэлээр түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн VIII хорооны нутаг, “Дүүхээ” төвийн орчимд орон сууцын гадна байрлуулсан автомашинуудыг тоносон залуусыг цагдаагийнхан саатуулан шалгаж байна. Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-нд “Байрны гадна зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан” гэх дуудлага ирсний дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсан аж. Хохирогчдын мэдээлснээр 27 автомашины цонхыг хагалан амархан борлогдох эд зүйл, сэлбэг хэрэгслийг нь авч явсан байжээ.
Уг хэргийг 18 настай Б, 16 настай О, 30 настай Б нар хамтарч үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж буй юм. Эл гурван холбогдогч гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийнхээ заримыг борлуулж, олсон мөнгөөрөө цэнгээний газарт наргиж байхад нь цагдаагийнхан саатуулсан гэнэ. Улмаар зарим зүйлийг нь эд мөрийн баримт болгож хураан авчээ.