Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.
Тэрээр Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих үүднээс Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд Засгийн газраас тус хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдав.
Мөн Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно.
Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна.
Мөн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд болохоор тусгаж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө. Байгаль орчны даацаас авхуулаад бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг оруулж байгааг онцолсон юм.