Тусгай зориулалтаар 2023 онд агнуулж, бариулах амьтны тоо хэмжээг тогтоох, мөн Амьтны тухай хуулийг шинэчлэн найруулах ажил үргэлжилж буйтай холбоотойгоор Монголын ан агнуурын холбоо болон агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч нарын төлөөлөл, мэргэжлийн судлаачид салбарын сайд, холбогдох газар, хэлтсийн дарга нартай өчигдөр уулзлаа. Зөвшөөрлийн тухай болон Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд агнуурыг дуудлага худалдаагаар зохион байгуулах зохицуулалт тусгасныг салбарын судлаач, мэргэжилтнүүд шүүмжлэв. Тэгвэл үүнтэй холбоотойгоор шинэчлэх гэж буй Амьтны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт эдгээр байгууллагын төлөөллийг багтаан, хамтран ажиллахаар санал нэгдлээ. Түүнчлэн бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглох, байгальд халтай, халгүй хэмээн жилийн жилд талцуулдаг тураг гогой буюу хар галууны асуудлыг бүрмөсөн шийдэх шаардлагатайг талууд энэ үеэр хөнджээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл