Америкийн эрдэмтэд хүний цогцсоор бордоо хийх технологи боловсруулсан нь цэнхэр гаргийг том эрсдэлээс аврах гарц гэж үзэж байна. Оршуулгын уламжлалт аргыг халах ийм эрс шийдвэрт хүрэхэд дэлхийн уур амьсгалын хямрал гол нөлөө үзүүлсэн аж. Цогцсыг газарт булах нь багагүй зай талбай шаардахаас гадна хөрсийг гэмтээдэг бол чандарлах нь агаар мандлыг их хэмжээний хорт бодисоор бохирдуулдаг. Олон улсын судлаач нарын эрэл хайгуулын үр дүнд эдгээр уламжлалт аргыг байгаль орчинд ээлтэй хувилбаруудаар сольж эхэлж буйн нэг нь америк эрдэмтдийн боловсруулсан бордоо болгох технологи гэдгийг мэргэжилтнүүд онцлох болов. Учир нь эл технологи бол өмнө нь дэлхийн эрдэмтдийн боловсруулсан цогцсыг шүр, мөөг, мод болгон хувиргах зэрэг сонголтоос илүү өргөн хүрээ хамарч, аажимдаа уламжлалт аргуудыг бүрэн халах боломж гэнэ.
ТЕРРАМАЦЫГ ХУУЛЬЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ
Террамац буюу хүний цогцсыг бордоо болгохыг анх 2019 онд АНУ-ын Вашингтон мужид хуульчилжээ. Дараа нь Колорадо, Орегон, Вермонт, Калифорнид оршуулах ногоон аргыг нэвтрүүлсэн бол өнгөрсөн жил Нью-Йоркийн захирагч Кэти Хокул нас барагсдын шарилыг бордоо болгохыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй аргаар оршуулах боломжтой зургаа дахь муж улс болов. Эл үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий компани эрхлэх бөгөөд ихэнх тохиолдолд талийгаачийн цогцсыг модны үртэс, царгас, сүрэл бүхий, дахин ашиглах боломжтой капсулд хийнэ. Тодруулбал, бичил биетүүдийн “ажлын байр”-ыг ийнхүү бэлдэж өгснөөр нэг “хүнийг” 6-8 долоо хоногийн хугацаанд шим тэжээлээр баялаг, хоёр хүртэл шоо метр хөрс-бордоо болгодог байна. Эл арга нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй.
Талийгчийг хөрс болгон хувиргадаг дэлхийн анхны төв “Recompose”-ийн үүсгэн байгуулагч Катрина Спэйд 2013 онд дипломын ажлынхаа хүрээнд энэ талаарх судалгаа хийж эхэлсэн аж. Тэрбээр “Нэг хүн дунджаар хоёр шоо метр бордоо болдог. Энэ нь 36 уут хөрстэй тэнцэнэ. Бичил биетүүдийн “ажлын” дараа бий болсон био ялзмагийг талийгаачийн ар гэрийнхэн авч болно.
Байгаль орчин, эдийн засгийн хувьд ашигтай оршуулгын шинэ аргыг сүсэгтнүүд, шашны байгууллагынхан дэмждэггүй. Гэсэн хэдий ч террамац нь дэлхий гаргийн ирээдүйд хэрэгтэй учраас иргэд сонгох нь улам олширч байгаа бөгөөд К.Спэйдийн дурдсанаар одоогийн байдлаар 15 000 талийгаачийг бордоо болгон хувиргажээ.
УЛАМЖЛАЛЫГ ХАЛАХ ШАЛТГА
Хүн төрөлхтний эрт үеэс уламжилж ирсэн оршуулга нь байгаль орчинд хөнөөлтэйг зөвхөн авсаар жишээлэн тайлбарлая. Авс үйлдвэрлэхэд олон сая га ой мод, тэр дундаа ховор төрлийн мод ашигладаг. Ингээд зогсохгүй хүрээнд нь ган, битүүмжлэлд резин, дотоод бүрээсэнд даавуу, зөөлөвч материал хэрэгтэй. Ийм битүүмжилсэн саванд цогцос задрах явц удааширдаг. Судлаачдын өгүүлснээр талийгаач 80 жилийн дараа л бүрэн задардаг бол авс нь материалаас хамааран 5-125 жилийг элээдэг аж. АНУ-ын хувьд жил бүр хөрсөнд бетон 1.6 сая, ган 64 500, зэс, хүрэл 17 000 тонн, 6000 километртэй тэнцэх хэмжээний цутгамал хавтан, занданшуулах шингэн 16.2 сая, метанол, бензол, формальдегид 3.1 сая литр булшлагддаг байна. Чандарлахад ашигладаг формальдегид агаар мандалд 250 цаг хүртэл үлддэг гэсэн судалгаа бий. Мөн нэг цогцсыг чандарлахад 400 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Тэгвэл булшны гүний стандарт ихэвчлэн 1.5-2 метр. Ийм хэмжээний гүнд зөөлөн эдүүд хүчилтөрөгч авах боломжгүй байдаг тул задрах үед метан ялгардаг. Хүрээлэн буй орчинд үзүүлэх хөнөөлийн хувьд чандарлах нь газарт булахаас дутахгүй. Үүний тулд маш их эрчим хүч зарцуулдаг. Судлаачид “Дэлхийн дагуул сар луу 1300 удаа нисээд, буцаж ирэхэд шаардагдах хэмжээний эрчим хүчийг АНУ чандарлах ёслолд жил бүр зарцуулдаг. 790 000 тонн хорт бодис агаар мандалд “нийлүүлдэг”. Энэ нь 170 000 машинаас жилд ялгарах хэмжээний хорт бодис” гэж тэмдэглэжээ.
ЦОГЦСЫГ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ БУСАД САНААЧИЛГА
Америкчуудаас гадна олон оронд байгальд ээлтэй оршуулгыг дэмжиж, энэ төрлийн бүтээгдэхүүнийг илүү эко болгоход анхаарч байна. Жишээ нь, Британид зэгс, бургасаар сүлжсэн авс сонгох нь нэмэгдэж буй аж. Нидерландад мөөг, хөвдөөр хийсэн авсыг 2020 оноос ашиглаж эхэлжээ. Тодруулбал, “Loop biotech” компанийн үйлдвэрлэсэн “амьд” авсанд цогцос 45 хоногт задардаг. Ийм савтай оршуулгын газар аажмаар ой мод болон хувирах юм байна.
Шотландад өөр нэг технологи нэвтрүүлсэн нь ресомац буюу өндөр температур, даралт, тусгай уусмалын нөлөөн дор цогцсыг шингэн төлөвт хувиргадаг арга. Энэ нь 2007 онд эрдэмтэн Сэнди Салливаны боловсруулсан технологи бөгөөд хэдхэн цагийн дотор цогцсыг эрдэсгүйжүүлж, зөөлөн эдийг бүрэн уусгадаг аж. Үүнээс үлдсэнийг нь тусгай аргаар хатааж, бутлаад жижиг саванд хийн ар гэрийнхэнд нь өгнө. Энэ мэтээр олон орны эрдэмтэд нас барагсдыг байгальд ээлтэйгээр үдэх арга зам эрэлхийлсээр зарим нь бүр чамин эдлэл, бүтээгдэхүүн хийх санаа ч олоод буй.
Бэлтгэсэн: Э.Хана