Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудан нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэнгийн 973 га талбайн 1.1 га-д “KFCLAND-Аз жаргалын хотхон” төсөл хэрэгжүүлэх болсон нь шүүмжлэл дагуулсаар буй. Бодит байдалд ганц энэ төсөл ч бус, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд түргэн үйлчилгээний цэг олноор барьж, худалдааны төв шиг болгосонд иргэд бухимдалтай байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ талаар “Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн бодит байдалтай танилцлаа. “KFCLAND-Аз жаргалын хотхон” нь зураг төслөө батлуулалгүйгээр өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, холбогдох зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлаа эхлүүлсэн байна. 40 ТҮЦ байрлуулсан гэж ажил хариуцсан албан тушаалтан хэлсэн. Гэсэн ч иргэдээс ирүүлсэн гомдол бодитой, дээрхээс хоёр дахин олон буюу 81 ТҮЦ-ийг хүрээлэнгийн дотор байрлуулж, үндсэн өнгө төрх, төлөвлөлт алдагджээ. Иргэд бухимдахаас ч аргагүй. Анх бүтээн байгуулсан хүний хувьд би ч харамсаж байна” гэжээ. Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул үүнээс огт өөр зүйл ярьсаар өдий хүрсэн юм. Тэрбээр “KFCLAND-Аз жаргалын хотхон” төслийн хүрээнд хүрээлэнд сөргөөр нөлөөлөх зүйл хийхгүй гэсэн ч бодит байдалд ногоон байгууламжийг сүйтгэж эхэлсэн бололтой.