Нийтийн дуучдын нэгдсэн холбоо гэж байдаг аж. Тэргүүн нь У.Далантай гавьяат. Монголын зохиолчдын эвлэлээс уг байгууллагын нэр дээр өчигдөр шаардах бичиг хүргүүлжээ. Үүнд “Дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар “On” телевизээр энэ оны хоёрдугаар сарын 12-ны 20.10 цагаас нэвтрүүлсэн “Хос уянга” теле концертдоо Ардын уран зохиолч Т.Галсангийн гурван дууны шүлгийг хольж, нэг болгон дуулахдаа шүлгийг Ж.Бадраа хэмээн ташаарчээ. Бүхний танил бүтээлүүдэд санаатайгаар халдаж, зохиогчийг нь үгүйсгэн гуйвуулах нь хуулиар шүүн хэлэлцэх хэмжээний оюуны өмчийн гэмт хэрэг билээ. Зохиосон шүлгийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлгүйгээр бадаг, мөрөөр таслан авч, дур мэдэн ашигласан, мөн шүлгийг өөр хүний нэрээр зарласан үйлдэлдээ дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар тайлбар өгч, эн тэргүүнд яруу найрагч Т.Галсангаас уучлалт гуйн, тарьсан будилаанаа хэвлэлийн бага хурал хийн, олон нийтэд мэдээлж залруулахыг Монголын зохиолчдын эвлэл шаардаж байна” гэжээ.
Уг шаардлагын мөрөөр Ардын уран зохиолч Т.Галсантай холбогдоход“Алдарт Б.Шарав хөгжмийг нь бичсэн “Аав, ээж хоёр минь”, Ц.Галмандах гавьяат хөгжим зохиож, дуучин Т.Ариунаа есдүгээр ангид байхдаа анхлан дуулж олонд хүргэсэн, хайртай хайртай гэхдээ хайчаар тоглуулаагүй ээж минь гэхчлэн хэлдэг “Аав, ээж хоёр” байна. Нөгөөх нь Б.Бямбабаяр хөгжимтэй болгож амилуулсан, “Буянтай ээждээ хэлэлгүй таван сар тээсэн, бумны нүднээс нуулгүй таван сар тээсэн хайртай ээждээ хүү чинь ханиа дагуулаад ирлээ” гэж эхэлдэг “Ээжээс ерөөл хүсэх дуу” юм. Эднийг бадаг, мөрөөр нь тасалж нийлүүлэн, нэг дуу болгоод өөр яруу найрагчийн нэр тавьжээ. Ийм зохисгүй үйлдэл олон гарч байсан. Бид дуугүй явсаар, бүр өөгшүүлчихэж. Тэгэхээр бидэнд буруу бас байх шиг.
Цаашид ийм байдал газар бүү аваасай гэсэн үүднээс зохиолчдын байгууллага арга хэмжээ авч эхэлсэн байх” гэлээ. Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан “Т.Галсан гуай харьцангуй тайвшраад байгаа юм. Сар шинийн баярын үеэс тавгүйтсэн. Түүний бухимдах нь аргагүй. Олонд түгсэн алдартай шүлгүүдийг нь мөр, бадгаар нь тасалж, хооронд нь нийлүүлээд, өөр хүн бичсэн болгочихоор хэн ч цочирдоно шүү дээ. Оюуны өмчийн, тэр дундаа дууны шүлгийн хулгай элбэг болсон. Тиймээс манай байгууллага дэргэдээ Дууны яруу найргийн үндэсний төв байгуулж, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Баянмөнхөөр удирдуулж байгаа. Бид зохиолчдынхоо эрх ашиг, оюуны өмчийнх нь бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэх болно” гэлээ. Ардын уран зохиолч Т.Галсан “Намайг эсэн мэнд байхад бүтээлүүдийг минь танихын аргагүй болгон өөрчилж, өөр нэр тавьж байгаа юм чинь байхгүй болохын цагт “Өнөөх чинь Ж.Бадраагаас шүлэг хулгайлдаг байж гэж ярих энүүхэнд юм байна” хэмээн харууслаа илэрхийлэв.