Тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нүүрсний гэх хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Эл хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн ч ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бидний авсан мэдээллээр прокурорын ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Архангай аймгаас төрийн түшээ болсон Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталж, уг хоёр гишүүнд танилцуулахыг АТГ-ын мөрдөгчдөд даалгажээ.
Дээрх хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
АТГ-ынхан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийх үедээ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг зарласан билээ. Харин Ж.Мөнхбатын тухайд нэлээд эртнээс буюу ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдсан. Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хүрээнд түүнд холбогдох үйлдлийг дахин нягталж, улмаар ийнхүү яллагдагчаар татаж буй аж. Тиймдээ ч энэ он гараад удалгүй түүний хамаарал бүхий хүн, аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийсэн билээ. Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гурван объектод нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий.
Бэлтгэсэн Г.Орчлон