Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 31-нийг хүртэлх хугацаанд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулж, “С” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 ширхэг бараа, бүтээгдэхүүний лангуун дээрх үнийг кассын үнэтэй тулгаж үзэхэд “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнэ лангуун дээр 2440 төгрөг, харин кассанд бичүүлэхэд 2560 төгрөг гэж зөрүүтэй гарсан тул 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж.
“С” ХХК-ийн зүгээс тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр нэг бүрчлэн байрлуулах үед хариуцсан ажилтны алдаа гарснаас бус лангууны бусад хэсэгт дээдийн дээд гурилын шинэчлэгдсэн үнийг байршуулсан байсан, тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхээс худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ дээрх байдлаар зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхдээ бараа, бүтээгдэхүүний өмнөх буюу хуучин үнийг солих ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгээгүй, гагцхүү ажилтны хариуцлага алдсан эсэхээс үл хамааран лангуун дээр “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнийг 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.
Иймд лангууны болон кассын үнэ хоорондоо зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж шийдвэрлэв.