Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна. Газар, хэлтсийн дарга нар энэ талаар мэдээлэл өглөө. Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан” гэлээ.
Мөн ослын улмаас нас барсан хүн болон эд материалын хохирол буурсан ч гэмтсэн хүний тоо өсжээ. Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль эхэлсэн болон Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгджээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл 17.1 хувиар өссөн байна. Хулгайлах, залилах гэмт хэргийн дуудлага мөн өссөн. Дээрх хугацаанд 7692 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өсжээ. Эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт сайжирсан байна. Зөрчил гаргасан 7327 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 750 хүнийг эрүүлжүүллээ.
14 хоногийн хугацаанд 803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 17.6 хувиар буурсангэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.