Маргааш ерөнхий боловсролын сургуулиудын хичээллэж эхэлнэ. Гэвч ханиад томуу, томуу төст өвчний тархалт их байна. Ханиад томуу их байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар албаныхан зөвлөмж, мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа "Томуу, томуу төст өвчний тархалт өөр өөр байна. Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах юм. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг. Маргааш хичээл эхэлнэ, удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр нь байлгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлнэ. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтой. Мэс заслын буюу нэг удаагийн маскийг 2 цаг зүүгээд солино. Харин шүүлтүүртэй маскийг 8 цаг зүүж болно. Маск зүүх нь ханиаж, найтаах үед агаарт гарч байгаа шүүрлүүдийг бусдад халдаахаас сэргийлдэг" гэв.