Баянзүрх дүүргийн нутаг дахь гэртээ архи савлаж байгаа, хашаандаа архины шил ихээр цуглуулсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 23- нд иржээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн газар дээр нь очиж шалгахад иргэн Б хашаандаа барьсан гарааш дотроо “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи савлаж байсан нь тогтоогдсон бөгөөд тэндээ зориулалтын тоног төхөөрөмжүүдтэй байсныг нь битүүмжилж, онцгой албан татварын тэмдэгт болон архийг нь хуурамч, эсэхийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагад илгээжээ. Архи, согтууруулах ундаатай өөр нэгэн хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. А гэх иргэн нэг бус хүнтэй хамтарч Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундаа худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт наан, татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж, мөнгө угаасан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.