Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нар бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан гэнэ. Мөн А.Хатансайхан, Х.Уранбаяр, С.Саруул нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон аж. Улмаар иргэн Г.Доржсүрэн, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн гэмт хэргийг шүүх хянажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд,
- Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нар нь MNS4598:2011, MNS4598:2020-д заасан "Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх” стандартыг зөрчин, хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жин тонн хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй,
- А.Хатансайхан нь иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ руу нэвтрэхээр ирсэн дарааллын дагуу зогссон байхад тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг хилийн боомтоор шууд нэвтрүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
- Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн буюу хоёр, түүнээс дээш удаагийн үйлдлээр хахууль авсан,
- Б.Уянга нь нийтийн албан тушаалтан С.Саруулыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгоход ньхамжигч, хатгагчаар оролцсон, мөн С.Саруулыг хахуул авахад нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хатгагчаар оролцож, хахууль авсан,
- Ц.Сүглэгмаа нь нийтийн албан тушаал эрхэлж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Х.Уранбаяр, С.Саруул нарт хахууль өгсөн,
- Түүнчлэн нэр бүхий 11 иргэн нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нарт хахуул өгсөн нь тогтоогджээ.
Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцод зааснаар "...нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг” нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор, Эрүүгийн хуульд зааснаар нийтийн албан тушаалтан "хахуул авсан”, түүнчлэн нийтийн албан тушаалтанд "хахуул өгсөн” бол гэмт хэрэгт тооцохоор заасан байна.
Шүүх хэргийг 4 өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуульд зааснаар “Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нийтийн албан тушаалтанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар,
-"Хахуул авсан” бол нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасаж 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар,
-"Хахуул өгсөн” бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар,
-"Нийтийн албан тушаалтан хахууль өгсөн” бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тус, тус заасан байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа.
Харин "хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 12 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах /2-8 жилийн хугацаагаар/, торгох /3-16 сая төгрөгөөр/ ялаар шийтгэв.
Эх сурвалж: Замын-Үүд сум дахь сум дундын шүүх