Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшиллоо. Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хориг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хаалттай явагдахаар товлогдсон байсан юм. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулж байгаа аж.
Тэрбээр, өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсантай санал нийлэхгүй, эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлээд байсан юм.