Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнийг хорих санал гаргажээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Улмаар шүүх өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас
14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:
1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
/Энэ заалтад 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.