АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш суларч, инфляц нь буурсантай холбоотойгоор Төвбанк нь бодлогын хүүгээ нэмж буйгаа зогсооно, эсвэл бага хувиар өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд давамгайлах болсон нь алтны үнэд эергээр нөлөөлж, улмаар сүүлийн есөн сар орчмынхоо дээд түвшинд хүрсэн тухай “Reuters” агентлаг өчигдөр мэдээлэв. АНУ-ын Төвбанкны дараагийн уулзалт энэ сарын 31, хоёрдугаар сарын 1-нд болох товтой байгаа юм. Шар металлын спот ханш 0.3 хувиар өссөнөөр унци нь 1926 “ногоон”-той тэнцсэн нь өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын эцсээс хойших хамгийн өндөр түвшин гэдгийг шинжээчид тодотгожээ. Мөн фьючерс ханш нь 0.5 хувиар дээшилж, унци нь 1930.3 ам.доллар болсон байна. “Tastylive”-ийн шинжээчдийн төсөөлж буйгаар унци алтны үнэ 1970 орчим “ногоон”-д хүрч ч магадгүй гэнэ.
Ташрамд дурдахад, манай улс 2020 онд 30.5, дараа жил нь 17.2, 2022 онд 19.7 тонн алт экспортолсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтных эзэлдэг байна. 2022 онд нийлүүлсэн алтны хэмжээ өмнөх жилийнхээсээ 2.4 тонн, үнийн дүн нь 122.9 сая ам.доллароор нэмэгджээ. Нэг кг алтны үнэ 57 282 “ногоон” байсан бол 2022 онд 57 345 болж өссөн аж. Алтны 8.8 хувийг БНСУ, 91.2-ийг нь Швейцар улсад нийлүүлсэн байна.