НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Азийн сан, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудын дунд “HR-2022” чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд НИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон, тус салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, харилцан суралцлаа.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Төрийн албанд шинээр орж буй болон ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. Төрийн албанд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, иргэдэд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа дүүрэг, хороод дээр хүний нөөцийн мэргэжилтэн дутагдалтай, төрийн албанд орох залуучуудын тоо буурсан. Нөгөөтэйгөөр, төрийн албан хаагч байнга хөгжиж байх ёстой. Харилцаа, хандлага муу албан хаагч иргэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргээгүйгээс шалтгаалж төрийн албаны нэр хүнд унадаг. Төрийн албанд анх ажиллаж байгаа хүн иргэдийн төлөө ажиллаж, төрийн албанд үнэнчээр зүтгэх учиртай” хэмээлээ.