Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Түгжрэлийг богино хугацаанд арилгах боломжтой байсан бол Ерөнхий сайд намайг энэ албан тушаалд томилохгүй.
Монгол Улс цаашдаа түгжрэлийн эсрэг бодлогын менежментээ хэрхэн явуулах вэ гэхээр эхлээд түгжрэлийн нөхцөл байдлаа дүгнэх хэрэгтэй. Улаанбаатар хотын нийт өрхийн 55 хувь нь хувийн автомашинаар зорчиж байна. Тодруулбал, 1300 км хүрэхгүй авто зам дээр 430 мянга орчим автомашин өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй. Тиймээс иргэд нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Эл асуудалд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар бид удаа дараа мэдээлсэн.
Мөн манай улсад "Замын хөдөлгөөний танхайрал" ноёрхож байна. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, торгууль, татвараа төлөхгүй, автомашинаа оношлуулдаггүй байдал хэт хавтгайрсан нь түгжрэл үүсэх ба нэг шалтгаан юм. Мөн автозамд осол гарах, дарга нарын цуваа зэрэг бусад хүчин зүйлс түгжрэлд нөлөөлж буй.
Өнгөрсөн баасан гарагт цас орж, бүх нийтээрээ 5-6 цаг түгжирсэн. Миний хувьд 3 цаг түгжирч, нөхцөл байдлыг мэдэрсэн. Энэ үеэр хүмүүс "Ямар нэг арга хэмжээ аваач" гэх юм. Түргэн хугацаанд асуудлыг шийддэг зохицуулалт байсан бол аль хэдийн хэрэгжүүлсэн байгаа шүү дээ.
Ажлаа аваад 2 сар болж байхад 20, 30 жил шийдэх чадаагүй түгжрэлийг "Ид шидтэн" шиг алга болго гэх шаардлагыг надад тавьж байна. Бид богино хугацаандаа дараах арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулах боломжтой. Тодруулбал,
- Дугаарын хязгаарлалтын журмыг сайжруулах,
- Автомашины торгуулийг төлдөг болгох,
- Төрийн, аж ахуйн нэгж байгууллага санаачилгатай байж, ажиллах цагаа уян хатан болгох,
- Аж ахуйн нэгжүүд автомашины зогсоолоо сайжруулах,
- Мөн иргэд маань өөрсдөө хичээх хэрэгтэй" гэв.