Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР
Улаанбаатарт өдгөө 550 000 орчим автомашин бүртгэлтэй гэвэл насанд хүрсэн хоёр хүний нэг нь “унаатай” гэсэн үг. Гэсэн ч автомашины импорт төдийлөн буураагүй үзүүлэлт байна. Тодруулбал, 2020 онд суудлын 53 087, ачааны 20 982 автомашин худалдан авсан. Тэгвэл өнгөрсөн жил 55 237 жижиг, 26 526 том тэрэг импортолсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Тэгвэл энэ оны эхний 10 сард суудлын автомашин 56 932, ачааныхыг 19 977-г оруулж иржээ. Харин цар тахлын өмнө буюу 2019 онд ачааны 23 050, суудлын 69 472 автомашин худалдан авч байж. Эндээс харахад гурван жилийн өмнөхөөс энэ оны эхний 10 сард импортолсон автомашины тоо 15 613-аар багасжээ. Тэгвэл автомашины үнэ ханш, иргэдийн худалдан авалт хэрхэн өөрчлөгдсөн бол. Энэ талаар сурвалжиллаа.
Монголчуудын олонх нь хуучин буюу үйлдвэрлэсэн улс орондоо цөөнгүй жил эдэлсэн автомашин худалдан авдаг гэхэд болно. Ийм автомашин борлуулдаг нийслэл дэх хамгийн том цэг нь “Да хүрээ” худалдааны төв. “Да хүрээ” рүү уржигдар 12.00 цагийн үед очиход худалдан авагч бараг байсангүй. Харин зарах гэж буй тэргээ гялалзтал арчих ченж, автомашины сэлбэг хэрэгсэл, дугуй зэргийг авбал хямдруулж өгнө хэмээн хашгирах “мухлаг”-ийн худалдаачин олон байлаа. Уржигдар 12.00-13.00 цагт тус захад автомашин сонирхож буй 2-3 хүн л явж харагдсан. Тэдний нэг, Өмнөговь аймгийн иргэн Ч.Ганцогт “Хөдөөний бартаатай замд унах, зай багтаамж томтой, мөн тохь тухтай автомашин хайж явна. Тэгээд “Альфард” маркийн автомашин худалдан авахаар тогтоод байгаа ч үнэ нь өндөр юм. 2012-2014 онд үйлдвэрлэсэн нь 34-36 сая төгрөг гэнэ. Ийм автомашиныг 2020 оны зун 25-26 саяар борлуулж байсан. Уг нь орон нутгийн иргэдэд ч банк бус санхүүгийн байгууллагын зээлийг гаргаж өгдөг юм байна. 34 сая төгрөгийн “Альфард”-ын урьдчилгаа болгон 20 саяыг төлж, үлдсэнийг нь зээлэх санаатай. ББСБ-ын зээлийн хүү сарын гурав, жилийн 36 хувь болох нь. 15 саяыг хоёр жилийн хугацаатай зээлэхэд 10 сая орчим төгрөгийн хүү төлөх нь “чанга” санагдлаа. Ченжүүд борлуулалт багаслаа хэмээн халаглаж буй ч автомашины үнэ өндөр хэвээр байна. Мөн зээлийн хүү ч нэмэгдэж. Нэмээд зээл олгосны шимтгэлд нэг хувийг нь авна гэнэ” хэмээн ярив.
Дээр дурдсанчлан “Да хүрээ” захад үйлчлүүлэгч цөөн байсан. Харин ченжүүд нь энд, тэнд бөөгнөрөн зогсох бөгөөд хүн ирж явахыг харангуутаа “Юу сонирхож явна, ярьж хөөрөөд өгье” гэлцэн уриалгахан дуудах аж. Тус захад 10 гаруй жил автомашин зарж буй Б-аас борлуулалт нь хэр байгааг тодрууллаа. Тэрбээр “Автомашины борлуулалт сүүлийн хоёр жилд сар тутам буурч байна. Би гэхэд 7-14 хоногт нэгийг зарчихдаг байсан бол есдүгээр сарын дундаас хойш нэг ч тэрэг борлуулсангүй. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай мэдээж холбоотой. Нэмээд ББСБ-ууд хүүгээ өсгөн, банкууд зээл олгохгүй байгаа нь хүмүүс автомашин авахаас татгалзах шалтгаан болж байх шиг. Мөн тээврийн зардал, ам.долларын ханш өссөн нь автомашины үнэ нэмэгдэх нөхцөл болсон. Нэг чингэлэг ачааны үнэ хоёр жилд 2-3 дахин, ам.долларын ханш жилд 30- 40 хувиар нэмэгдсэн нь борлуулагч, худалдан авагч аль аль талдаа бэрхшээл үүсгэж байна. Тодруулбал, хүмүүсийн хамгийн их сонирхдог “Приус-20”, “Приус-30”, “Приус-41”-ийн үнэ сүүлийн хоёр жилд бараг 60 орчим хувиар нэмэгдлээ. Мөн иргэдийн нэлээд сонирхдог “Лексус”, “Харриер”, “Субару форестор” зэргийн үнэ ч цар тахлын өмнөх үеийнхээс багадаа 50 хувь, ихдээ хоёр дахин өссөн. Бид худалдаж буй автомашины үнээ хямдруулах ч арга алга. Учир нь бүгд л банкны зээл төлөхийн зэрэгцээ нэмж мөнгө зээлээд Япон руу захиалгаа хийнэ. Хил, гаалийн асуудлаас шалтгаалж захиалсан ачаа маань саатаж ирдэг” гэсэн юм. Тэгвэл дээрх захын нэгэн ченж, бусдаас зайдуу зогсонгоо “Хэдэн төгрөгт ямар тэрэг авахаар сонирхож байна” гээд “Борлуулж буй ханшаас 1-2 сая төгрөг хямдруулаад өгье. Урьдчилгаа 30 хувьтай тэнцэх мөнгө байвал ББСБ-ын зээлд 30 минутын дотор хамруулан, шимтгэлийн нэг хувийг ч төлүүлэхгүй болгоё. И-баримтын буцаан олголтынх нь хоёр хувийг хасаад өгье” хэмээн шалан, нэг ч гэсэн автомашин борлуулахаар хичээж байв.
Уржигдрын байдлаар дээрх захад “Приус-20” автомашин 20-22, “Приус-30” нь 24.5-29, “Приус- 41”-ийн хувьд 34-35 сая төгрөгийн ханштай байв. Мөн “Сай”-г 36-37, “Харриер”-ыг 45-47, “Лексус”-ийн зарим загварыг 38-80 сая төгрөгөөр үнэлжээ. Тэгвэл хамгийн хямд гэж болох автомашин “Акуа” 17-18 сая төгрөг бол өндөр ханштай нь 100-120 саяын “Прадо”, “Ланд круйзер” аж. Эдгээр автомашины дийлэнхийг одоогоос 5-10 жилийн өмнө үйлдвэрлэсэн, Монголд оруулж ирээд 1-3 жил болж байгаа гэсэн. Энд дурдаж буй үнэ нь өнгөрсөн хаврынхаас автомашин тус бүрийнх 1-2 сая төгрөгөөр хямдарсан, харин гурван жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өссөн дүн болохыг ченжүүд дурдав. Үүнээс гадна иргэд “шинэ” автомашин худалдан авахаас дутуугүйгээр хуучныг нь буюу Монголд унаж байсныг сонирхох нь нэмэгдсэн юм байна. Хуучин автомашинуудыг “Да хүрээ” захын баруун талдбайрлах зогсоолд борлуулдаг аж. Тэдгээр машины үнэ Монголд хэдэн жил унасан гэдгээс шалтгаална. Жишээлбэл, 2018-2019 онд оруулж ирсэн “Приус-20”-ийг 16-18, “Приус-30”-ийг нь 19-21 саяар үнэлсэн байв. Ер нь нэг жил унасан бол анхны үнээсээ нэг, хоёр жил эдэлсэн бол хоёр сая төгрөгөөр хямдардгийг борлуулагчид нь дурдаж байлаа. Түүнчлэн иргэд хоорондоо хувь лизинг хийх, ББСБ дахь зээлийг нь үргэлжлүүлэн төлөх нь бий.
Автомашины сэлбэг хэрэгсэл, дугуйн үнэ ч өсжээ. Тухайлбал, “15-тай” дөрвөн хос дугуй хямд нь 250 000 төгрөгийн ханштай байгаа нь хоёр жилд даруй 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Мөн автомашинд зориулсан бүх төрлийн жижиг хэрэгсэл, гоёлын эд зүйлийн үнэ улам өссөөр, худалдан авагч цөөрсөөр байгаа аж. Энэ талаар борлуулагч Ж.Баярхүү “Автомашин болон бусад сэлбэг хэрэгслийн борлуулалт улирлын чанартай идэвхэждэг гэж болно. Баяр ёслол ойртоход хүмүүс машинаа гоёж, торддог. Гэхдээ сүүлийн 2-3 жил нэгдүгээрт, автомашины тоног, хэрэгсэл зардаг хүн олширч, хоёрдугаарт, үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвар багасаж буйгаас миний сарын орлого лав 40-50 хувиар буурлаа. Би бүх төрлийн толь, гэрэл, дохио, бусад чимэглэл зардаг. Мөн иргэд өөрсдөө ирж худалдан авахаас илүүтэйгээр цахимаар сонирхон, хүргүүлж авахыг чухалчлах болсон. Наймаа хийхэд улам л хүндрэлтэй болж байна” хэмээв.
Иргэд автомашинаа лизингээр авах нь элбэг. Зээлийн хүү аажим багассаар хоёр жил гаруйн өмнө ББСБ-ынх сарын 2.4-2.6, банкуудынх 1.6 орчим хувьд хүрээд байсан билээ. Тэгвэл өдгөө нэмэгдэн, ББСБ-ынх 2.8-3 хувьд хүрсэн юм байна. Энэ талаар болон автомашины зээлийн эргэн төлөлтийн тухайд “Да хүрээ” худалдааны төв дэх нэгэн ББСБ-ын мэргэжилтэн “Автомашины зээлтэй иргэдээс тун бага хувь нь найдваргүй зээлдэгч болдог нь хүмүүс өөрийн орлогоо үнэлж байж зээл авдагтай холбоотой. Мөн зээлээ төлж чадаагүй тохиолдолд сануулж, анхааруулж, төлөлтийг нь хэд хэдэн удаа сунгаад, улмаар автомашиныг нь хураан авдаг. Зээлийн хүү сүүлийн хоёр жилд 0.3-0.5 хувиар өссөн. Энэ нь мөнгөний нийлүүлэлт бага байгаатай холбоотой. Өдгөө манай байгууллагын хүү тухайн үйлчлүүлэгчийн зээл авсан давтамж, хэрхэн төлснөөс шалтгаалж сарын 2.7-3 хувьтай байна. ББСБ нь банкуудтай харьцуулахад бичиг баримт шаардахгүй, өр, орлогын харьцаа үнэлэхгүй, түргэн шуурхай зээл олгодог учраас иргэд үйлчлүүлэх дуртай. Гэхдээ цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад, тодруулбал, 2019 оны 3-4 дүгээр улирлаас энэ жил зээл авах хүн харьцангуй цөөн байна. Уг нь Цагаан сарын өмнө, эсвэл хичээлийн шинэ жил эхлэн, орон нутгийнхан нийслэлд суурьших болон хүйтэрч эхлэхэд автомашин худалдан авах иргэдийн тоо өсдөг байв” гэж ярилаа.