Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран боловсролын сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх 4 дэх ээлжийн 45 хоногийн сургалтыг 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүллээ. Энэхүү сургалтад 2 удаагийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 204 хүнээс шалгарсан 92 сэтгэл зүйч хамрагдаж байна.
Сургалтад оролцогчид нийт 4 долоо хоногийн танхимын сургалтад хамрагдаж, 2 долоо хоног ерөнхий боловсролын сургуулиудад дадлага хийнэ. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх аж. Мөн гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм.