Идэр есийн хүйтэн эхлээгүй, харьцангуй дулаан өдрүүд үргэлжилж буй ч агаар бохирдуулагч бодисын хэмжээ зарим үед стандарт давж байна. Өдрийн хамгийн дулаан, цаг агаар тогтуун, утаа униар бага байдаг үеэр ч нийслэлийн зарим бүс “сааралтах” боллоо. Өчигдөр 12.00 цагийн байдлаар гэхэд Баянхошуу орчим их бохирдолтой байв. Агаарын чанарын индекс нь 316 байсан юм. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө учруулах хэмжээний муу үзүүлэлт. Харин Хайлааст, Дамбадаржаа, Шархад, Зуун айл, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс 104-264 байсан нь цэвэр, хэвийн түвшний дараах “бага бохирдолтой”, “бохирдолтой” гэсэнангилалд багтав. Эдгээр мэдээллийг нийслэлийн 18 бүс дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг нэгтгэн хүргэдэг “О2” (агаар) аппликэйшнээс авсан юм. Суурин харуулууд нь нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл гэсэн цөөн тооны бохирдуулагч бодисын мэдээллийг дамжуулдаг. Тэгвэл бид цаашид “Hipay” аппликэйшн, “Airly” хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар агаарын чанарын талаар илүү бодитой, дэлгэрэнгүй мэдээлэл авах нь. БОАЖЯ, “Хай пэймэнт солюшнс” компани хамтран агаарын чанар хэмжигч шинэ төхөөрөмж суурилуулах ажил эхлүүлээд байна.
Уг төхөөрөмжийг Польш улсын нэгэн старт-ап компани үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 150 гаруй оронд нийлүүлээд буй гэнэ. Энэ нь гурван төрлийн тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон зэрэг агаар бохирдуулагч гол бодисыг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, мэдээлдэг аж. Үүнийг 21 аймаг, хүн амын төвлөрөл ихтэй томоохон есөн сум болон нийслэлийн 20 байршилд суурилуулахаар төлөвлөснийг “Хай пэймэнт солюшнс” компанийнхан онцоллоо. Эл хэмжигчийг одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богд хааны ордон музей, Барилгачдын талбай (“Туул” рестораны хажууд) орчимд туршилтын байдлаар байршуулжээ. Цаашид хуучин төхөөрөмжүүдтэй давхцуулахгүйгээр байршуулах нь. Өдгөө улсын хэмжээнд агаарын чанар хэмждэг 40 төхөөрөмж бий гэнэ. Үүний 18 нь улсын мэдлийн, томоохон төхөөрөмж бол үлдсэн нь олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхний байршуулсан, 2-3 төрлийн бодисын үзүүлэлтийг харуулдаг жижиг хэмжигч юм байна. Харин “Airly”-г нийслэл, орон нутагт суурилуулснаар манай улс агаарын чанар хэмжигч 90 төхөөрөмжтэй болох нь. Ийм тооны байршилд агаарын чанарын үзүүлэлт ямар байгааг харах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин эдгээр мэдээллийг “Hipay” аппликэйшнээр дамжуулан хүргэхээр хөгжүүлэлт хийж байгаа аж.
Агаарын бохирдол хэмжигч шинэ технологи нэвтрүүлснээр иргэдэд үнэн, бодитой мэдээлэл хүргэхээс гадна энэ чиглэлийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, түүнд тулгуурласан үр дүнтэй арга хэмжээ авах, оновчтой шийдвэр гаргах зэрэг ач холбогдолтойг БОАЖЯ-ныхан онцоллоо.