Олон нийтэд хувьцааг нь арилжин IPO хийх төрийн өмчит компаниудын удирдлагад зориулсан “Төрийн өмчит компанийн шинэчлэл-IPO” сургалт, зөвлөгөөнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өчигдөр зохион байгууллаа. Эхний ээлжид авто зам засвар, ашиглалтын (АЗЗА) компанийг хувьчлалд бэлтгэх хэрэгтэй хэмээж буй. Тиймээс дээрх зөвлөгөөнд орон нутгийнхны төлөөлөл түлхүү оролцлоо. Тухайлбал, Өвөрхангай аймгийн АЗЗАТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхам-Оролмаа “Манай байгууллагыг төрөөс санхүүжүүлдэг боловч зам арчлалт, засвар үйлчилгээ нь удаан хугацаанд, тогтвортой ажилладаг, байнга хөрөнгө оруулалт шаарддаг чухал салбар. Бид тээврийн хэрэгсэл, иргэдийг аюулгүй, чанарын шаардлага хангасан авто замаар зорчуулах үүрэг хүлээдэг. Тиймээс үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалт татах, иргэдийн оролцоотой, олон нийтэд нээлттэй компани болгох нь зөв” гэлээ. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулах буюу нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ үеэр орон даяарх АЗЗА ТӨХК-иудын хувьцааны 34 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгох бэлтгэл хангахыг дурдсан билээ.