Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Улсын төсөв-2023” иргэдийн цуглааныг орон даяар өчигдөр зохион байгууллаа. Улсын хэмжээнд дийлэнх салбарын ажилтнуудын цалин хөлс бага байгаагаас залуус гадаадын орнууд руу явах нь нэмэгдсэн. Мөн энэ онд инфляц 14-15 хувьд хүрсэн нь иргэдэд санхүүгийн дарамт учруулж буй бөгөөд ирэх жилүүдэд ч бараа, үйлчилгээний үнэ улам өсөх төлөвтэйг дээрх жагсаалд оролцогчид дурдлаа. Орон сууцын нэг ам метрийн үнэ сүүлийн хоёр жилд нэг сая төгрөгөөр нэмэгдсэн, ипотекийн зээлийн хүртээмж муу зэрэг нь ард түмний амьдралыг туйлдуулж байгааг ч хөндлөө. Тиймээс үнийн өсөлтийг хязгаарлан, амьдрах орчин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, улмаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг шаардаж буйгаа МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илэрхийллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос нэмэгдүүлэх нь олзуурхууштай. Гэхдээ ерөнхийдөө бүх салбарын ажилтан, албан хаагчдын цалин бага байгааг анхаарч, өсгөх шаардлага бий. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж олсон орлогоороо аятай таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Үүнээс гадна тэтгэврийн шинэчлэл хийн, тогтолцоог илүү боловсронгуй болгох талаарх санал, шаардлагаа бид Ерөнхий сайдад хүргүүллээ. Шаардлагын хариуг ирэх долоо хоногт багтаан ирүүлнэ гэж найдаж байна” гэлээ.