Будаг нь ханхалсан, таван давхар, цоожтой шар барилга. Нэгдүгээр давхрын цонхнууд нь бүгд хөшигтэй байх бөгөөд заагаар нь тавилга, эд хогшил бололтой зүйлс харагдана. Харин түүнээс дээших давхрын цонхнууднь хөшиггүй, эл хуль. Үүдний хэсэгт хөлийн мөр хаа сайгүй гарсныг бодоход энд саяхан зочид ирсэн байж болзошгүй нь. Барилгын өмнө талд хоёр сүүдрэвч барьжээ. Цэвэрхэн, тухтай харагдав. Цаана нь нэлээд тооны нялх мод суулгажээ. Зэрэгцүүлээд тавилга, тоног төхөөрөмжийнх болов уу гэмээр модон хайрцаг овоолсон байлаа.
Хашаа нь саруул учраас настнууд алхахад, амрахад тохиромжтой санагдав. Барилгын баруунтаа гурван гэр байв. Хүн амьдардаг шинж ажиглагдсангүй. Хавар, зун барилгын ажил ид өрнөж байх үед л ашиглаж байсан бололтой.Мөн хоёр чингэлэг байршуулжээ. Тэндхийг хариуцсан манаач, харуул хамгаалалтынхан энэ тохьтой сууцад амьдардаг байх гэж таамаглав. Хүнд даацын болон суудлын автомашин ч байлаа. Барилгын эргэн тойрон, хашааны байр байдлыг ажиглахад тохижуулах, цэгцлэх ажил бага сага үлдсэн бололтой. Хүмүүс ч ирж, очин байдаг шинжтэй. Гэвч биднийг очих үеэр тэнд хэн ч байсангүй. Тэгсэн хэр нь хашааных нь хаалга нээлттэй байв.
Үйл ажиллагаатай нь танилцахаар өнгөрсөн бямба гарагт зорьж очоод, цоожтой хаалга мөргөсөн энэ газарбол “Агнист” ахмадын хөгжлийн төв. Үүнийг АНУ-ын Индиана муж улс дахь Монгол, Төвөдийн буддист соёлын төв хийдийн хамба лам, “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Лувсантүвдэн буюу Ажиа гэгээний санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандиваар байгуулсан юм. Барилгын шавыг 2017 онд тавьсан ч цар тахлын улмаас удааширсаар өнөө жил ажил нь дууссан. Уг төвийн нээлт өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр болсон бөгөөд Ажиа гэгээн үүнд биечлэн оролцсон билээ. Тухайн үед “Зөвхөн дотоод засал, тохижилтын ажил үлдсэн” хэмээн мэдээлж байсан нь тус төв тун удалгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх нь гэсэн хүлээлт үүсгэсэн. Гэтэл өдгөө ахмадын хөгжлийн төв таг чиг, цоожтой байх болов. Үүний шалтгаан нь юу вэ?
Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол “Агнист” төвийг төвлөрсөн дулааны шугамд холбох ажил саатаад буй гэнэ. Үүнийг хувийн хэвшлийн байгууллага бие даан шийдэхэд санхүүгийн хувьд ч, ажиллагаа талаасаа ч хүндрэлтэй учраас нийслэлээс дэмжлэг хүсжээ. Хотын дарга өнгөрсөн намарАжиа гэгээнийг хүлээн авч уулзахдаа “Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг бүрэн дэмжинэ, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэнэ” гэж ам гарч байж. Хамба лам Лувсантүвдэнгийнхийсэн ажил, хэрэгжүүлсэн санаачилгуудын талаар мэдээлдэг цахим хуудсанд энэ тухай “Агнист” төвийг дулааны шугамд холбох томоохон асуудлыг хотын дарга зохицуулахаар болсон талархууштай, сайхан мэдээтэй” хэмээн нийтэлснийгтод гэгч нь санаж байна. Гэвч үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Уг ажлыг чухам хэдийнээс эхлүүлэх, хэзээ хийх нь ч тодорхой болоогүй байтал барилга, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил зогсдог улирал хаяанд ирчихэв. Үүнээс харахад ахмадын хөгжлийн төв энэ өвөлжин цоожтой байх нь.
Шинэ барилгыг дулааны шугам сүлжээнд холбох ажил яагаад удааширсан, нийслэлээс ямархариу өгсөн талаармэдээлэл авахаар“Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагынханд хандахад ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг хариуцаж буй хүмүүстэй холбогдохыг санал болголоо. Харин хариуцсан хүмүүс нь энэ тухай мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэр ч бүү хэл, ямар нэг мэдээлэл гаргахгүй байхыг зөвлөлөө. Өчигдөр тэдний нэгэнтэй нь дахин холбогдоход “Аравдугаар сарын 15 гээд шугам сүлжээний ажил зогсдог. Тэгэхээрирэх оны хавраас наашгүй гэж харж байна. Шаардлагатай зардлыг нь төсөвт суулгаж, шийднэ гэж хэлсэн юм билээ. Хэлсэндээ хүрч, хэрэгжүүлэх байх” хэмээн товч хариулт өглөө. Цаг хугацаа алдаж, сунжирсан, хүлээлт үүсгэсэн асуудал бий гэдгийг ч хэлэв. Ажиа гэгээн нийслэлийн Засаг даргад эл асуудлыг нэгэнт уламжилж, нааштай хариу авсан учраас “арын алба” дааж үлдсэн хүмүүс нь илүү дутуу яриа үүсгэхгүйг хичээж, ихэд болгоомжилж буй бололтой.
“Агнист” төв бол асрамжийн газраас ялгаатай. Энэ нь ахмадуудад амралт, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх, хамтдаа хөгжиж дэвших, харилцаа холбоо тогтоох, эрүүл мэнддээ анхаарал тавих боломж олгох зорилготой газар. Тиймээс “настныг идэвхжүүлэх сургалтын төв” гэж тодотгож буй. Тус төв настнуудад зориулсан номын сан, чийрэгжүүлэх өрөө, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхимтай аж. Ахмадууд өдрөөр ирж үйлчлүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх боломж бүрдүүлэхээртөлөвлөжээ.
Барууны орнууд, Япон, Солонгос зэрэг дундаж наслалт өндөрАзийн зарим улсад ийм үйлчилгээ үзүүлдэг төв олон байдаг гэнэ. Гавьяаны амралтаа авсан, гэртээ ганцаараа байдаг, ханиа алдсан, ажил хөдөлмөрэрхлэх боломжгүй болсон зэрэг нийгмийн харилцаанаас ямар нэг байдлаар тусгаарлагдсан хүмүүс ийм байгууллагаар үйлчлүүлж, өөрийгөө шинээрнээж, хөгжүүлэх арга зам олдог байна. Ажиа гэгээн 2017 онд Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв (асрамжийн газар)-д зочилсныхоо дараа Монголд ийм төв зайлшгүй байгуулах шаардлагатай, настай хүмүүсийн талаарх хандлага, ойлголтыг өөрчлөх хэрэгтэйг олж харжээ. Ингээд хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихаар төлөвлөж байсан ч зориулалтаар нь ашиглаж чадаагүй газартаа ахмадын хөгжлийн төв барихаар шийдсэн аж.
Тэрбээр өмнө нь Монголд нэн шаардлагатай байсан Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн дэргэд 6.3 тэрбум төгрөгөөрбайгуулсан. Харин энэ удаа манай улсад бас л хэрэгцээтэй нэгэн төвийг байгууллаа. Үүний зардлын дийлэнхийг Ажиа гэгээн шийдсэн. Америк, Япон, Хятад, ОХУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд ч багагүй хандив өгсөн юм билээ. Харин одоо эл төвд нийслэлчүүдийн зүгээс ганцхан зүйлийн дэмжлэг хэрэгтэй байгаа нь тус барилгыг дулааны шугам сүлжээнд цаг алдалгүй холбох. Үнэндээ манай улсад ажил төлөвлөх, хэрэгжүүлэх хэцүү. Төсөв санхүүгийн хүндрэл, тендерийн будилаан, газрын маргаан гээд үй олон асуудал “босож ирдэг”. Эдгээрээс болоод гацсан, зогссон, өчнөөн жил дамжин сунжирсан ажил цөөнгүй. Ялангуяа шугам сүлжээний ажил ихээхэн хүндрэлтэй. Уламжлал болсон гэмээрэнэ муухай үзэгдэл, саад бэрхшээл ахма дын хөгжлийн төвд бүү нүүрлээсэй. Хотын удирдлага хэлсэндээ хүрч тус төвийн барилгыг дулааны шугам сүлжээнд даруй холбоход анхаараасай. Цар тахлын улмаас бүтэн хоёр жилийн хугацаа алдсан тэдэнд дахин төвөг чирэгдэл битгий учруулаасай.
“Агнист” төв Хан-Уул дүүргийн XXI хорооны нутаг, Архивын ерөнхий газрын дэргэд байрладаг. Тухайн бүсэд төвлөрөл харьцангуй сийрэг учраас утаа униар бага юм билээ. Тэрчлэн төв зам дагуу, автобусны буудлаас холгүй учраас ахмадууд зорьж очиход хүндрэлгүй санагдсан. Тухайн хорооны иргэд ахмадын хөгжлийн төв нээгдэхийг чих тавин хүлээж байгааг ойролцоох дэлгүүрийн худалдагч хэлсэн юм. Сайн үйлс, хүмүүнлэгийн ажлын буянаар“боссон” ийм нэгэн барилга хотын төвөөс хол, олны анхаарлаас ангид газарт шийдвэргаргагчдын “ам, гар харсан” байдалтай, үйл ажиллагаа нь хэдийнээс эхлэх нь тодорхойгүй байна.