Өнөөдөр Монгол цэргийн музейд Цэргийн доторх улс төрийн байгууллагын 100 жил, дотооддоо мэргэжлийн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулсан “Бахархан дурсах он жилүүд” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Цэргийн музейн захирал хурандаа Д.Ганзориг, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Т.Мөнхсаруул, “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн бэлтгэл хурандаа Б.Жуваа, гүйцэтгэх захирал бэлтгэл дэд хурандаа Н.Энхболд, үе үеийн улс төрийн ажилтнууд оролцсон юм.
“Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн бэлтгэл хурандаа Б.Жуваа үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, хүндэт зочдодоо баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ музейд шинээр тохижуулан байгуулж буй “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны булан”-г үзмэрээр баяжуулж, бусдадаа сурталчлан таниулж яваарай хэмээн бие бүрэлдэхүүнд захилаа.
Тус үзэсгэлэнд үе үеийн улс төрийн ажилтнуудын хэрэглэл, МХЗЭ, ҮБХИС-Нийгэм хүмүүнлэгийн тэнхимд ашиглагдаж байсан эд өлгийн зүйлс дэлгэгдэж, үзэгч олны хүртээл болсон юм. “Энэ үеэр Цэргийн улс төр, Соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл” ТББ нь анхны тугаа мандуулж хүндэтгэлийн байранд залсан онцлог үйл явдал тохиолоо. Мөн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон уран бүтээлийн дээжсээ үзэгч олонд өргөн барив.