-Хэнд, ямар боломж олгох вэ-
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшлээр шийдэх, иргэдийн ая тухыг хангаж, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд шинэ шийдлүүдийг ашиглах нь ухаалаг, цагаа олсон шийдвэр билээ. Тиймээс ч олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөөг танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн салбар бүрт мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 орчим монгол инженертэй хамтран ажиллахаар болсон. Нийслэлд нэвтрүүлэх болон нэвтрүүлж буй дижитал шийдлүүдээс онцолж байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЭГТГЭСЭН EPASS
“ePASS” төслийн хүрээнд хотын нийтийн тээвэр, сурагчийн автобусны үйлчилгээнд автоматжуулалт, мэдээллийн технологийн шийдэл бүхий цогц систем нэвтрүүлнэ. Энэхүү системийг нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих картыг банкны картаар цэнэглэдэг болох нь. Ингэснээр үлдэгдэл шалгах, хянахад хялбар болно. Автобусны буудал бүрт зарлан мэдээлэх электрон самбар байршуулснаар чиглэл харах боломжтой. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж буй, хэзээ ирэхийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэнэ. Дээр дурдсан бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар, дуу хоолойгоор харааны бэрхшээлтэй хүмүүст ч хүргэх юм. Энэхүү шийдлийн бас нэг давуу тал нь хүүхэд сургуулийн автобусанд суусан, буусан зэрэг мэдээллийг бодит цагийн горимоор зөвхөн эцэг, эх, асран хамгаалагч нар гар утсаараа хүлээн авах аж.
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХААНА Ч “ХАМТ БАЙХ” ESCHOOL
Таны хүүхэд хэдэн цагт ямар хоол идэж, хаана, ямар автобусаар зорчиж, гэрийн даалгавраа хэрхэн хийж байгааг мэдэх зэрэг олон боломжийг технологийн цогц шийдэл бүхий eSchool систем олгоно. Энэхүү платформ нь сургуулийн удирдлагуудад зориулсан “eS¬chool”, багш нарт зориулсан “eTeacher”, сурагчдад зориулсан “eStudent”, эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан “eParent” хэмээх дөрвөн аппликэйшнээс бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага, багш нар, эцэг, эх болон асран хамгаалагч, хүүхдүүд мэдээллээ цаг алдалгүй солилцсоноор боловсролын чанар, хүртээмж сайжрах төдийгүй сурагчийн үдийн хоол, автобусаар зорчих явцыг хянаж, аюулгүй байдлыг нь хангахад бүх тал оролцох нөхцөл бүрдүүлнэ.
ӨРХИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ЦАГАА ЦАХИМААР ЗАХИАЛНА
Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах үйл явцын илүү хялбарчилсан шийдлийг мөн нийслэлд нэвтрүүлж байна. Үүний хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үүлэн технологи, андройд үйлдлийн системд суурилсан ухаалаг киоск, ухаалаг төхөөрөмжтэй холбожээ. Энэхүү ухаалаг цаг захиалгын систем нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох юм. Уг системээр иргэд өрхийн эмнэлэгт үзүүлэх цагаа цахимаар захиалах, эмч үзлэг хийсэн явцын мэдээллийг нэгтгэж болно. Ингэснээр өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй болгох нь. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад ирдэг ачааллыг хөнгөвчлөх, гомдол саналыг нэгтгэх зэрэг цөөнгүй давуу талтай.
ОРОЛЦОО БҮХЭН ЧУХАЛ-“ДИЖИТАЛ СИТИ”АППЛИКЭЙШН
Нийслэлийн иргэд, олон нийтэд зориулсан энэхүү аппликэйшнээр Улаанбаатартай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах, түгээх боломжтой. Үүнээс гадна гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой. Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1 639 172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Хэсгийн ахлагч нар олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах шийдлийг нийслэлд нэвтрүүлэх нь. Тодруулбал, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Төр, иргэн хоорондын харилцаа холбоог бодит цагийн горимд бүрэн хангах энэхүү шийдлийн дүнд авлига, хүнд суртал буурах, төрийн үйлчилгээ ил тод болох юм. Тэр хэрээр иргэдийн цаг, зардлыг хэмнэнэ. Цаашлаад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хотын орчны тохижилт, эвдрэл, гэмтэлтэй холбоотой зөрчлийн мэдээллийг ирүүлэх, их хотын өнгө төрхийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх урамшууллын системийг нэвтрүүлэх ч боломжтой.