Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт уржигдар нийтийн тээврийн автобус шатжээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас тодруулахад “Сонсголонгийн замын зорчих хэсэгт автобус шатсан гэх дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг унтраасан. Үүний улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Автобус зорчигчгүй байсан. Галын шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй, шалгалт үргэлжилж буй” гэв. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас авсан мэдээллээр бол энэ нь “Сутайн буянт” компанийн эзэмшлийн, “Аэро сити-540” загварын автобус байжээ. Ч:61 буюу ДЦС-3-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан уг автобус эвдэрсэн тул зорчигчдоо буулган, бааз руугаа очих замдаа шатсан гэнэ. Тухайн автобусыг 2010 онд үйлдвэрлэсэн бөгөөд ирэх сарын 31-нээр ашиглалтын хугацаа нь дуусах байжээ.
Энэ он гарснаас хойш нийтийн тээврийн таван автобус шатаад байна. Үүнээс өмнө өнгөрсөн долдугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн IX хороонд Улиастай-Дэнжийн мянга чиглэлийн автобус шатсан. Түүнчлэн өнгөрсөн онд автобус шатсан осол долоон удаа гарчээ. Ташрамд дурдахад, нийслэлийн оршин суугчдын тоог харгалзан үзэхэд нийтийн тээврийн автобусны тоо 1500 орчим байх шаардлагатай аж. Гэтэл өдгөө үйлчилгээнд явуулж буй нь 1000 орчим байгаа юм. Үүгээр зогсохгүй өдгөө иргэдэд үйлчилж байгаа автобуснуудын талаасилүүхувийнх нь ашиглалтын хугацаа энэ жил болон ирэх онд дуусах гэнэ.