Нийслэл болон зарим аймгийн нутгаар өнгөрсөн сарын 29-нөөс цаг агаарын байдал хүндэрлээ. Тэр дундаа Төв, Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэл орчимд цас их орж, шууран, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн газарт зам, даваа хаагдан, халтиргаа үүсэж, автомашин зорчих аргагүй болжээ. Тухайлбал, онцгой байдлын байгууллагын алба хаагчид цасанд боогдсон 295 автомашин, 626 иргэний аюулгүй байдлыг хангасан гэв. Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн сумд зургаа, Хэнтийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэнд найман машин цасанд суусан байжээ. Түүнчлэн Налайх дүүрэгт 190, Багахангайд 36, Багануур дүүрэгт нэг машин цасанд суусан байна. Тэдгээр тээврийн хэрэгслээр зорчиж явсан 500 орчим иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй газарт хүргэснийг аас мэдээлэв. Тэр дундаа Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобуснууд Багануур дүүргийн орчимд саатаж, цааш явах аргагүй болсон байна. Тиймээс зорчигчдыг тус дүүрэг дэх “Уурхайчин” спорт цогцолборт түр байрлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан, Говьсүмбэрийн Сүмбэр сумд тус бүр нэг иргэн малаа хариулж яваад сураггүй болсныг эсэн мэнд олжээ.
Нийслэлд цас их орсноор халтиргаа гулгаа ихсэж, тэр хэрээр авто замын хөдөлгөөн удаашраад байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өчигдөр авсан мэдээллээр гөрсөн сарын 30 буюу цас орсноос хойш халтирч унаад бэртсэн 102 иргэн тус эмнэлэгт ханджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд нийслэлд их хэмжээний цас орсон бөгөөд тухайн үед халтирч унаад гэмтсэн 62 хүн ГССҮТ-д хандсан аж. Энэ нь өнгөрсөн жилийн хоногийн дээд үзүүлэлт байсан гэнэ. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад албаныхан цас их орсонтой холбоотойгоор “Халтирдаггүй гутал өмсөх, унаж, бэртэхээс сэргийлэхийн тулд зузаан хувцаслах” зэрэг зөвлөмж гаргажээ. Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухайд “Хот тохижилтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас “Халтиргаа үүсэж болзошгүй газруудад , ацсан. Зам, талбайн үйлчлэгч нар тасралтгүй ажиллаж байгаа” хэмээн мэдээлжээ. Гэсэн ч иргэдийн зүгээс авто замын халтиргааг багасгах, давс, бодис цацах ажил хангалтгүй байна хэмээн шүүмжилсээр буй юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, халтиргаа гулгаанаас хамгаалах ажлын явцын талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Нийслэлд өнгөрсөн ням гаргийн 04.30 цагаас цас орж эхэлсэн. Тухайн өдрийн 06.00 цагаас цэвэрлэгээг эхлүүлж, 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэйгээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд одоогоор 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Ажил өдгөө ч (өчигдөр) үргэлжилж буй. Давсны 4874.1, бодисын 3000 тоннын нөөцтэй” гэж мэдээллээ.
Бэлтгэсэн М.Оч