Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 97 хувьтай байна. Мөн төвийн зургаан дүүргийн авто зогсоолын тоог нарийвчлан гаргах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 344 байршилд 15,181 автомашины зогсоол байгаа судалгаа гарч, Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ. омуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ. Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл бэрхшээл болон иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын талаар дүүргийн Засаг дарга нараас тодруулав. Дүүргүүдийн хувьд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж. Налайх дүүргийнхэн энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. Тус дүүргийн 7691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Сайжруулсан түлш борлуулалтын 31 цэг тус дүүрэгт ажиллаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байгаа аж. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар "Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 мянган тонн нөөцтэй. Түлшний тээврийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байна. Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэх мэдээлэл өглөө.