Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ой энэ сарын 29-нд тохиолоо. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон хотын үе үеийн удирдлагууд, иргэд тухайн өдөр нийслэлийн шавыг тавьсан мэлхийт хөшөөнд цэцэг өргөж, Ардын жүжигчин Ч.Батсайхан нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ. Мөн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулав. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч нийслэлийнхээ түүх, уламжлал, өв соёлыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг тухай дурдсан. Мөн нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн тухайн өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон юм. Ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга тус дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ Сонгинохайрханд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдийн талаар онцлон дурдлаа. 2023 онд тус дүүрэгт спортын ордон, дэд станцын өргөтгөл, эко парк, тусгай хэрэгцээт хүүхдийн цогцолбор зэргийг байгуулах аж.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэжээ. “Ковид-19”-ийн улмаас өнгөрсөн жил алгассан уг барилдааныг энэ удаа нийслэлийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан аж. Уг арга хэмжээг 1994 оноос хойш зохион байгуулсан бөгөөд тухайн онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэсэн түүхтэй аж.
“Одоогоос 383 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй” хэмээн нийслэлийн ЗДТГ-ын мэдээлэлд дурдсан байна. Тэр цагаас хойш нийслэл 28 удаа буурь сэлгэжээ. 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож хүн чулуун хөшөөгөөр шав тавьсан түүхтэй аж. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын мэлхийт хөшөөг байрлуулж, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ.
Бэлтгэсэн Р.Жаргал