Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын түншлэл, харилцаа холбоог өргөжүүлэх, бүтээгдэхүүнийг нь сурталчлах, зочлох үйлчилгээний чанар, маркетинг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 23 дахь жилдээ боллоо. Өнгөрсөн баасан гаргаас эхлэн гурав хоног үргэлжилсэн тус арга хэмжээнд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадна манай улсын аялал жуулчлалд голлох нөлөө үзүүлдэг, хамтын ажиллагаатай орны бизнес эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав. Мөн тэдгээр улсын өндөр, дээд хэмжээний албан тушаалтнууд оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэн цар тахлаас үүдэлтэй урт хугацааны хямралын дараа болж буйгаараа онцлог. Тиймээс “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор зохион байгуулсан юм. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр арга хэмжээний эхэнд “Энэхүү уриаг дан ганц Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбож дэвшүүлээгүй. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүний нөөцийн хангамж, үнийн бодлого, маркетинг, сурталчилгаа зэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдэх замаар аялал жуулчлалд шинэ сэргэлт авчрах цаг болсныг илэрхийлэхийг зорьсон” гэв. Харин БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ агаарын тээврийг либералчлах асуудлыг онцгойлон хөндлөө. Тэрбээр “Турк улс аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх бодлогоо тодорхойлохын тулд нэгэн цагт Австралиас сургалт, зөвлөгөө авдаг байж. Жилд гурван сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлж байсан гэнэ. Австраличууд тэдэнд ердөө ганц зүйл зөвлөсөн нь агаарын тээврийн либералчлал. Тэд үүнийг хэрэгжүүлсэн. Өдгөө Турк улс жилд дунджаар 40 сая жуулчин хүлээн авч байна. Мөн дэлхийн хамгийн том, олон чиглэлд нислэг үйлддэг, өндөр ашиг орлоготой агаарын тээврийн компанийг бий болгож чадсан. Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл агаарын тээврийн салбарыг либералчлах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр аялал жуучлалыг хөгжүүлэх боломжгүй. Засгийн газар, холбогдох байгууллагууд уг асуудалд анхаарч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол, БНСУ хооронд түүхэнд байгаагүй хямд үнээр нисэх боломжийг хоёр орны иргэдэд олголоо. Түүнчлэн энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг агаарын тээврийг либералчлах дэд ажлын хэсгийн даргаар томилсон” гэв.
“Ай Ти Эм” үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь жил бүр нэг аймгийг түншээр сонгодог. Өнөө жилийн үзэсгэлэнгийн түншээр Булган аймаг ажиллаж, шилжин явах тугаа Хөвсгөлийнхөнд гардуулан өглөө. “Далай ээж”-ийн өлгий нутгийнхан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 2023 онд бусдыгаа манлайлан ажиллахаар болов. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Бид орон нутгийнхаа онцлогт тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх зорилт дэвшүүлж, үүний хүрээнд гурван том ажил хийсэн. Хамгийн түрүүнд Булган аймгаар овоглох брэнд арга хэмжээ (“Айраг” наадам)-тэй боллоо. Хоёрдугаарт, аяллын маршрутуудаа шинэчилж, баталсан. Гуравдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа. Сайхан, Орхон сумын заагт, Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулсан “Айраг” наадмаас орон нутгийн төсөвт хоёр орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн” гэв.
Үзэсгэлэнд оролцсон аймгууд уламжлал ёсоор аяллын маршрут, брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Харин жуулчны бааз, зочид буудал, амралт, сувилал, зоогийн газрууд шинээр нэвтрүүлсэн, туршсан үйлчилгээгээ сурталчлав. Мөн сургалт, хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр дуулдсан шинэ соргог мэдээ гэвэл Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн гэнэ. Ерөнхий сайдын тэргүүлж буй Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо тус салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа аж. Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоо “Тэсийн голын монголчууд” төслийн хүрээнд тус голыг дагасан аялал жуулчлал хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг ирэх жилүүдэд Ховд, Увс аймагт хэрэгжүүлэх юм байна.