Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хаягжилтийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсны дагуу өчигдөр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт зохион байгуулжээ. Үүнд дээрх хоёр яамныхнаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ынШуурхай удирдлага, мэдээллийн төв (101, 102, 103), “И-Монгол академи”, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо”, “Номадик жеограп” компани, ICT групп, “Монголын банкуудын холбоо” төрийн бус байгууллага, “Ubcab”, “Songo”, “Google” төслийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар газар болон үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт, түүний цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэж солилцох үйл явцыг түргэн шуурхай гүйцэтгэх, төрийн байгууллагуудын мэдээллийн давхцалыг арилгах асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна улсын хэмжээнд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалттай эмх цэгцтэй болж, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэх аж.
Өнөөгийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хаягийн мэдээллийн санд нийт 1 081 186 нэгж талбар, 689 895 барилга байгууламж, 49 826 гудамжны өгөгдлийг оруулжээ. Мөн хот суурин газрын 650 489 нэгж талбар, 283 995 барилгыг хаягжуулж, малчдын өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа нийт 206 511 нэгж талбарт газар усны нэрийн дагуу шинээр хаяг олгосон байна. Уулзалтын үр дүнд энэхүү хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглах чиглэлд бүхий л талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтжээ.