Манай улсад сүүлийн нэг жилд хоёр том музей үүдээ нээлээ. Нэг нь Өмнөговийн Даланзадгад дахь Байгалийн түүхийн, нөгөө нь нийслэлийн төвд байгуулсан “Чингис хаан” хаад, язгууртны музей. Өмнийн говийнхон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан шинэ музейгээ өнгөрсөн жилийн өдийд хүлээн авч байсан бол нийслэлчүүд “Чингис хаан”-тай энэ сарын 11-нд “уулзлаа”. Эдгээрийн аль алиныг нь асар богино хугацаанд барьсан. Төсөв хөрөнгө, болгоё, бүтээе гэсэн эрмэлзэл, нарийн төлөвлөлт, зохион байгуулалт, холбогдох газар, орон нутгийн дэмжлэг байхад томоохон бүтээн байгуулалтын ажлыг саадгүй урагшлуулж болдгийн бодит жишээ нь энэ юм. Гэтэл зарим музейн барилгын ажил зураг төслөөсөө хэтрэлгүй гурван жилийн нүүр үзэж байна. Тендер зарлаад ч гүйцэтгэгч компани олддоггүй гэх.
Энэ бол Байгалийн түүхийн музейн барилгын ажил. Монголын эзэнт гүрний таван их хааны тамгыг нүүрэндээ залсан “Чингис хаан” музейг үүний суурин дээр байгуулсан билээ. Харин хуучин музейг стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус газарт нүүлгэн шилжүүлж, үзмэрүүдийг нь “золигт гаргаад” удав.
Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэн “Музейн барилга барих гүйцэтгэгчийг шалгаруулахаар БШУЯ, Соёлын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас нийт таван удаа тендер зарласан. Нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Үүнээс болоод ажил саатсан. Гүйцэтгэгчийг тодруултал тендер зарлана” хэмээн өнгөрсөн долдугаар сард ярьж байв. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх мэдээллийг шүүж үзэхэд тав биш, бүр найман удаа тендер зарласан баримт гарч ирлээ. Тухайлбал, хамгийн анх 2020 оны дөрөв болон аравдугаар сард БСШУЯ (хуучнаар)-наас тендер зарлажээ. Үүний дараа Төрийн худалдан авах ажиллагааны газар дөрвөн удаа аж ахуйн нэгжүүдийг урьсан байна. Энэ оны зургадугаар сараас хойш Соёлын яам хоёронтоо тендерийн урилга байршуулжээ. Мөн л нэг ч компани оролцоогүй гэх. Музейн барилгын нийт төсөвт өртөг нь 94.4 тэрбум төгрөг. Харин тухайн онд санхүүжих төсөв нь эхэндээ 26 тэрбум байсан бол сүүлдээ 18 тэрбум дээр тогтжээ.
Компаниуд яагаад энэ тендерт оролцохгүй байна вэ. Нэг ч компани санал ирүүлээгүй гэдэг нь үнэн үү. Магадгүй төсөвт өртөг, тухайн онд санхүүжих хэмжээ нь бага учраас дөлөөд байна уу. Үүний цаана ямар учир шалтгаан бий вэ. Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч О.Мэндсай ханаас эдгээрийг тодруулахад дорвитой хариулт өгсөнгүй. Тэрбээр “Манай яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас тендер зарла сан. Тэр бүрт асууж, лавлахад нэг ч компани оролцоогүй гэсэн. Гүйцэтгэгч нь бушуу тодроосой гэсэн хүлээлтийн байдалтай бай на. Эхний жи лийн санхүүжилтийг нь 30 тэрбум төгрөг болгож нэмэхээр 2023 оны төсөвт суулгуулсан. Тэр үед л компаниуд оролцох байх” хэмээн ярилаа. Үндсэндээ тухайн барилгын ажлын санхүүжилтэд анхаарахаар болжээ. Гэхдээ энэ нь тендер зарласан даруйд гүйцэтгэгч тодорно гэсэн баталгаа болохгүй. Учир нь, БСШУЯ өмнө нь хоёр удаа тендер зарлахад тухайн онд санхүүжих төсөв нь 26 тэрбум байсан шүү дээ. Тэгэхээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг 2023 онд эхлүүлж чадах, эсэх нь л мөн л тодорхойгүй гэсэн үг. Нөгөөтээгүүр, “Тендерт оролцох, болзол, шаардлага хангах компани олдоогүй” гэдэг шалтгаанаар далимдуулаад уг музейг шинэ байртай болгох шийдвэр, санаачилгыг бүрмөсөн замхруулчих вий гэх хардлага төрж байна. Ингэж бодоход хүргэсэн шалтгаан ч бий.
Байгалийн түүхийн музейнхэн өдгөө Үлэг гүрвэлийн төв музейн байранд, хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж буй. Хязгаарлагдмал гэсний учир нь зай талбай давчуун дээр үзмэрүүдийг хадгалах, байршуулах зориулалтын орчин байхгүй. Үүнээс болоод музейнхэн нийт үзмэрүүдийнхээ өчүүхэн хэсгийг нь л олон нийтэд үзүүлэхээр дэлгэсэн. Мөн Үлэг гүрвэлийн төв музейн барилгатай зэрэгцээд баар, цэнгээний газар олон байдаг нь аюулгүй байдлын шаардлага хангадаггүй, эрсдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс анхааруулсаар ирсэн. Засгийн газар Байгалийн түүхийн музейн барилгыг нураахдаа ч, Их тэнгэрийн аманд шинийг барихаар төлөвлөхдөө ч стандарт, орчин нөхцөл зэргийг “чухалчилсан”. Гэтэл 12 мянга гаруй үзмэр стандартын наад захын шаардлага хангахгүй орчинд гурав дахь жилийнхээ нүүр үзэж байхад хаана хаанаа тоодоггүйнь хачирхалтай.
Соёлын сайд “Байгалийн түүхийн музей хуучин Лениний музейд байрлаж байна. Лениний музей бол Соёлын яамны захиалгаар, музейн зориулалтаар барьсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Үүнийг 2023 онд эх төрхийг нь алдагдуулахгүй бүрэн засварлахаар төлөвлөж, зураг төсөл боловсруулсан. Музейтэй залгаа үйл ажиллагаа явуулдаг газруудыг судалж, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авна” гэж ярьсан нь дээрх хардлагыг төрүүлж буй юм. Их тэнгэрийн аманд шинэ барилга барихаар төлөвлөж байж Байгалийн түүхийн музейн одоо үйл ажиллагаа явуулж буй байрыг засаж, тохижуулахаар болсон нь ямар учиртай вэ. Түр хугацаанд ч гэсэн тохитой орчин бүрдүүлэхийг чухалчлав уу, эсвэл тэнд нь бүрмөсөн үлдээх төлөвлөгөөтэй байна уу.
Тус музейн шинэ барилгын зураг төслийг БСШУЯ “Хатанбаатар” ХХК-иар гүйцэтгүүлсэн. 39 000 ам метр талбайтай, 12 төрлийн хэсэгчилсэн танхимтай, 500 гаруй автомашины зогсоолтой байгууламжийг 6.6 га газарт байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн музейн газрын асуудлыг төвөггүй шийдэхийн тулд нэгэн компанийн босгосон барилгын суурь, төмөр карказыг худалдаж авахаар тохиролцоо хийсэн байдаг. Тухайн компани аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар барилгын ажил эхлүүлээд орхисныг тийнхүү ашиглахаар шийдсэн хэрэг. Хачирхалтай нь, зураг төсөл боловсруулсан компанид ч, барилгын сууриа гэрээ ёсны дагуу худалдахаар тохирсон хувийн хэвшилд ч төр мөнгийг нь гүйцэд өгөөгүй аж. Энэ талаар нэгэнэх сурвалж “Музейн барилгын төсөвт өртгийг анх 120 тэрбум гэж тогтоосон ч хэтэрхий өндөр гэж үзээд 90 тэрбум төгрөг болгосон. Барилгын суурийг зах зээлийнх нь ханшаар үнэлж, худалдан авахаар болсон учир тэгж шийдвэрлэсэн. Одоо ч төлбөрийн үлдэгдэл, үл ойлголцлын асуудал бий юм билээ. Саяхан болсон шинэ музейн нээлтийн үеэр Соёлын сайд Байгалийн түүхийн музейн асуудалд анхаарал хандуулна гэж ярьсан. Үнэхээр анхаарах гэж байгаа бол эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй” гэв. Харин Соёлын яамныхан газрын асуудал бүрэн цэгцэрсэн гэсэн мэдээлэл өглөө. Магадгүй найман удаагийн тендерийн цаана энэ мэт асуудал бүтээн байгуулалтын ажилд жинхэнэ чөдөр тушаа болж байж ч мэдэх юм. Эндээс бас нэг зүйл маш тодорхой харагдаж буй нь Засгийн газар, холбогдох яамныхан музейн барилгын ажлыг урагшлуулах, түргэвчлэх чиглэлд дорвитой анхаарахгүй, шамдахгүй байгаа явдал.
Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойд зориулж “Чингис хаан” музейг шахуу төлөвлөгөөгөөр барьж, ашиглалтад оруулсан. Ингэхдээ өөр нэг музейн газрыг булааж авсныг уншигчид бүгд мэдэж байгаа. Харин тэгж харамсалтайгаар “хөөгдсөн” музей нь 2024 онд тохиох Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор шинэ байр ч үгүй, олигтой үзмэр ч үгүй байх эрсдэл нүүрлэлээ. Байгалийн түүхийн музейн үзмэрүүд эхнээсээ өнгө зүс алдаж, гундсаныг зарим хүн анзаарч, салбарын сайдын цахим хуудсанд асуудал болгож бичсэн байна билээ. Засгийн газар, Соёлын яам энэ асуудлыг анхаарлын төвдөө авч, шинэ барилгын ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэхгүй бол та бүгдийн хариуцлагагүй байдлаас болж үнэт үзмэр, түүхэн дурсгалууд сүйдэж дуусах нь.