Дэлхийд 1 тэрбум, Ази, Номхон далайн бүс нутагт 700 сая гаруй, Монгол Улсад 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн аж төрдөг. Ази, Номхон далайн бүс нутагт хамаарах улс орнууд хөгжлийн хувьд харилцан адилгүй ч нийтлэг байдлаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгмийн амьдралд үр дүнтэй оролцоход саад бэрхшээл тулгарсаар байна. Иймд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл санаанд суурилсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй хөгжлийн бүс нутаг болох алсын хараатай бодлогыг хэрэгжүүлэх 10 жилийн хөтөлбөр буюу “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги (2013-2022)-ийг баталсан. Ингэхдээ хэнийг ч ардаа орхихгүй хөгжих, хүртээмжтэй нийгмийг бий болгохоор тунхагласан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон Бээжингийн тунхаглалтай уялдуулан төлөвлөж, хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газар тус стратегийн тайлангаа Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст 2021 онд хүргүүлсэн.
“Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн хэрэгжилт, ахиц дэвшил, ололт амжилтыг дүгнэж, дараагийн 10 жилийн стратегийн шинэ зорилтыг зөвшилцөх Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын Засгийн газар хоорондын дээд түвшний уулзалт энэ оны аравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Уулзалтад 41 орны Засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн донор байгууллагуудын төлөөлөл нийт 430 гаруй хүн оролцов.
Уулзалтад Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир нар оролцож Засгийн газрын мэдэгдлийг танилцууллаа. Энэхүү уулзалтаар 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд Ази-Номхон далайн бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангасан бодлого төлөвлөлтийн тухай гишүүн улс орнуудын амлалтыг шинэчилж, Инчеоны стратеги, Бээжингийн тунхаглал, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн Жакартагийн тунхаглал (2023–2032)-ыг баталлаа. Энэ үеэр АНУ-ын олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тусгай зөвлөх Сара Минкаратай уулзаж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.