- 2022 оны нийслэлийн төсвийн “Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний жагсаалт”-д орсон зам, барилгын ажлын ихэнх тендерийг хугацаанд нь зарласангүй. Ерөнхий сайд энэ чиглэлийн ажлуудыг шуурхайлах үүднээс гуравдугаар сарын 31-ний дотор тендер зарлах үүрэг өгсөн ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон тохиолдол өчнөөн. Өнөө жил зам, барилгын ихэнх ажлыг оройтож эхлүүлэв.
- Нийслэлийн нийтийн тээвэрт тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT) нэвтрүүлэх төслийг улсаас санхүүжүүлэхгүй, Засгийн газраас зээлийн баталгаа олгохгүй нь тодорхой болсон ч хотын удирдлага үүнийг нийслэлийн хөрөнгөөс шийдэж, ирэх оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдээд байна. Төслийн бэлтгэл хангах нэрийдлээр төсвийн хөрөнгийг тэрбум, тэрбумаар зарцуулах боллоо.
- Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл үе шаттай хийхээр төлөвлөсөн. Үйлчилгээнд явуулж буй автобуснуудын 60 гаруй хувь буюу 591-ийг нь энэ онд багтаан шинэчлэхээр шийдвэрлэсэн ч төлөвлөсөн хэмжээндээ хэрэгжүүлж чадсангүй.
- Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон 71.5 км замыг хоёр үе шаттайгаар барих “Шинэ тойрог зам” төслийг 2022-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй, эхний шатанд буюу энэ онд Туул голын эрэг дагуу 35.5 км авто зам барихаар болсон ч ажил нь өдий болтол эхлээгүй байна.
Нийслэлд түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зам, барилгын ажлын явцыг иргэний нийгмийн байгууллагынхан аравдугаар сарын байдлаар ийнхүү дүгнэлээ. Түүхэнд байгаагүй өндөр төсөв (414 тэрбум) батлуулсан ч тэр хэрээр урагштай ажиллаж чадахгүй байгааг тэд шүүмжиллээ. “Ил тод сан”, “Захиргааны шинэ санаачилга”, “Үнсэн уртраг”, “Хэрэглэгч сан” зэрэг төрийн бус байгууллага хамтран өчигдөр “Түгжрэлийг бууруулах төсөв, төсөл, хөтөлбөр, зээл тусламжийн мониторинг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна авто зам, эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтэн, судлаачид оролцсон юм. Уг арга хэмжээг санаачлагч байгууллагынхан түгжрэлийг бууруулах төсвийн зарцуулалт болон бусад төсөл, арга хэмжээнд мониторинг хийж, хянах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зорилгоор ub¬tusuv.mn цахим хуудас ашиглалтад оруулснаа танилцууллаа. Үүнд төсвийн задаргааг цэгцтэй, ойлгомжтой байдлаар оруулжээ. Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатарт хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажилд гэхэд энэ онд 9.6, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд газар чөлөөлөхөд 68.7 сая төгрөг төсөвлөсөн гэх зэргээр дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Харин эдгээрийг зориулалтаар нь, бүрэн дүүрэн зарцуулж байгаа, эсэх талаарх мэдээлэл ил тод бус буйг онцлов.
“Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв “Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай 146 дугаар тогтоолыг 2019 оны хавар баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг үнэлж, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх, түгжрэлийг бууруулах ажилд хуваарилсан 420 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагыг бидний зүгээс Засгийн газарт хүргүүлж буй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдаж авах тендерийг хугацаанд нь зарлаагүй тохиолдолд, тухайн ажил бүрэн дуусаагүй бол 2023 оны төсвөөс хасна гэж Ерөнхий сайд төсвийн захиран зарцуулагч нарт хатуу анхааруулсан. Гэтэл зам, барилгын ажилтай холбоотой ихэнх тендерийг хугацаанд нь зарлаагүй, оройтож эхлүүлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 77.5 тэрбум төгрөг төсөвлөчихөөд, үүнийгээ зориулалтаар нь зарцуулаагүй, өдий болтол автобусаа аваагүй байна. Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээтэй холбоотой энэ мэт асуудал, хариуцлагагүй байдлыг олон нийтэд ил тод болгох, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд нэгдлээ. Хэрэгжүүлж байгаа ажлуудад нь мониторинг хийлээ. Засгийн газар болон нийслэл энэ бүхнийг нээлттэй, ил тод мэдээлэхгүй байна. Түгжрэлийг шийдэхэд хуваарилсан хөрөнгийг үр дүнтэй, оновчтой ажилд зарцуулахгүй бол энэ нь эргээд түгжрэл даамжрах нөхцөлийг бүрдүүлдэг” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр онцлон ярьсан зүйл нь хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл байв. Уг төслийн ТЭЗҮ-ийг 500 сая төгрөгөөр боловсруулсан гэсэн мэдээлэл буй ч үүнийгээ ил тод болгохгүй, нууцалж байгаагаас иргэний нийгмийн байгууллагууд судалгаа, мониторинг хийж чадаагүйг “Ил тод сан”-гийнхан хэллээ. Тэд “Шинэ тойрог зам”, “Тулгуурт байгууламж бүхий их багтаамжийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй байхад нэгжийн үйл ажиллагааны зардалд 2.1 тэрбум төгрөг тусгуулахаар оруулж ирсэн байна. Зөвхөн 2022 онд LRT төслийн бэлтгэл ажилд зарцуулах нэрийдлээр 19.5 тэрбум төгрөгтусгуулсан. Уг төсөл төсөвтэй холбоотой хоёр ч хууль зөрчиж буй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга анхааруулсан байтал хотын мээр хэрэгжүүлэх нь тодорхой гэсэн шиг дураараа аашилж, зүтгүүлж, олон тэрбум төгрөг зарцуулсаар буй нь цаана нь өөр эрх ашиг бий гэж хардахад нөлөөлсөн. Түүнчлэн төслийн санхүүжилтийн төсөөллийг боловсруулахдаа олон нийтэд зарлаагүй, яриа, хэлэлцүүлэг өрнүүлээгүй” хэмээн мониторингийн тайландаа дурджээ.