Монголд дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг аль ч станцаар орсон тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдсэн нь мэдэгдэхүйц харагддаг. Боломжийн хэрээр засаж, додомдон, будаж янзалсан ч зуух турбин болон бусад эд анги нь ашиглаад хэдэн арван жил өнгөрсөн, халж улайдсан, энд тэндээ нөхүүлж, гагнуулсан нь олон. Цахилгаан, дулааны станцыг 25 орчим жил ажиллуулаад бүрэн шинэчлэх шаардлагатай гэдэг ч Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцыг (Дархан ДЦС) ашиглалтад оруулаад 57 жил болжээ. Элэгдэж мөлийн, их засварын тусламжтайгаар “амьд яваа” тоног төхөөрөмж, дэд бүтэцдээ тулгуурлан, чадлын хэрээр үйл ажиллагаа явуулж буй тус станцын алдагдал энэ жил 10 тэрбум төгрөгөөс давах тооцоо гарчээ. Харин өнгөрсөн улирлынх нь алдагдлын хэмжээ 4.4 тэрбумд хүрсэн аж. Дархан-Уул аймагт цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн таван жилд, жил бүр дунджаар долоон хувиар нэмэгдсэн гэнэ. Үүнээс шалтгаалж, нөгөөтээгүүр, нийлүүлж буй бүтээгдэхүүнийх нь үйлдвэрийн зардал борлуулах дүнгээс үргэлж өндөр байж ирснээр өр үүсэх, алдагдалтай ажиллах нөхцөл бүрджээ. Энэ талаар “Дархан ДЦС” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Манай өвөлжилтийн бэлтгэл энэ долоо хоногийн байдлаар 95 хувьд хүрсэн. Ес хоногийн хэрэглээ буюу 18 000 тонн нүүрсний нөөцтэй байна. Багадаа 14 хоногийн нөөц бүрдүүлэх учиртай ч санхүүгийн байдлаас шалтгаалж нөөцийн хэмжээ багассан. Дулаан, цахилгаан үйлдвэрлэн, нийлүүлдэг төрийн өмчит компаниуд бүгд алдагдалтай ажилладаг. Энэ нь тухайн байгууллага зах зээлийн зарчмаар ажиллаж чадахгүй, тарифын хязгаарлалт мөрддөгтэй холбоотой. Байгууллага алдагдалтай ажиллах нь ажилчдын цалин орлого, нийгмийн хангамжийг бага байлгах үндсэн шалтгаан шүү дээ. Тиймээс ч манайх хүний нөөцийн дутагдалтай, санхүүгийн хүндрэлтэй тулгарсан хэвээр байгаа. Хүний нөөц хангалтгүй, санхүүгийн алдагдалтай байх нь засвар үйлчилгээг хойшлуулах, техникийн бүрэн бүтэн байдал, ажлын байрны аюулгүй ажиллагаа алдагдахад хүргэдэг. Түүнчлэн хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай хангахад бэрхшээл тулгарч, нийтээрээ гал алдах эрсдэлт нөхцөл бүрдсэн гэхэд болно. Алдагдлыг бууруулахын тулд цахилгаан, дулааны тарифыг багадаа 25 хувиар нэмэх шаардлагатай” хэмээн учирласан. Тэгвэл Дархан-Уул аймгийн “Дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал “Манайх дулааны эрчим хүч худалдан авч, 1669 аж ахуйн нэгж, 15 000 орчим айл өрхөд түгээдэг. Энэ жил дунджаар 10.1 тэрбум төгрөгийн орлого олж, 12.3 тэрбум төгрөг зарлагадлаа. Өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар алдагдын хэмжээ 1.2 тэрбум төгрөгт хүрчээ. Алдагдал үүсэх гол шалтгаан дулааны үнэ бага байгаатай холбоотой. Хэрэв дулааны үнийг үйлдвэрлэх зардалтай нь уялдуулан нэмбэл алдагдлын хэмжээ зохих ёсоор буурна. Мөн хэрэглэгчээс авах авлага 1.1 тэрбум төгрөгт хүрсэн. Цар тахлын сөрөг нөлөөг багасгах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даасан ч зарим хэрэглэгч одоо ч төлбөрөө төлөхгүй байна” гэсэн юм.
Улсын нийслэлийн дараа жагсах хоёр том хот гэсэн ч болохоор Дархан-Уул, Орхоны эрчим хүч, дулаан хангамжийн нөхцөл, станцуудынх үйл ажиллагаа ямар байгааг сурвалжлахаар дээрх “Дархан ДЦС”, Орхон аймгийн дулааны цахилгаан станц буюу “Эрдэнэт ДЦС” төрийн өмчит компанид өнгөрсөн амралтын өдрүүдэд бид очсон нь энэ. “Эрдэнэт ДЦС” төрийн өмчит компани өнгөрсөн жил 230.8 сая кВт/цаг цахилгаан түгээсэн бол энэ онд 375.4 кВт/цаг-ийг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж буй аж. 2021 онд 616 мянган Гкал дулаан түгээсэн бол 2022 онд 637.2 мянгыг нийлүүлэхээр төлөвлөжээ. Дулаан, цахилгааны хэрэглээ Орхонд сүүлийн таван жилд жил бүр 6-10 хувиар нэмэгдэж буйгаас ийнхүү үйлдвэрлэлийн хүчин чадлаа 60 орчим хувиар өсгөжээ. Гэхдээ цахилгаан, дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмж улам бүр хуучирч, валютын ханш өсөн, тээврийн зардал нэмэгдсэн зэргээс алдагдал нь “дээшилсээр” буй гэв. Энэ талаар “Эрдэнэт ДЦС” компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ “Энэ онд 11 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах нь. Алдагдал үүсэж буй гол шалтгаан нь бүтээгдэхүүнийг борлуулж буй үнэ зардлаасаа харьцангуй хямдтай холбоотой. Тодруулбал, нэг нэгж дулааныг 34 төгрөгөөр үйлдвэрлээд, 16-гаар борлуулж байна. Үүний зэрэгцээ дизелийн түлш, сэлбэг, бараа материал болон тээврийн зардал нэмэгдсэн нь зардал, алдагдлыг өсгөх шалтгаан болж буй. Бараа, материалын үнийн өсөлтийг бид зохицуулж чадахгүй учраас бүтээгдэхүүнийнхээ борлуулалтын тарифыг нэмбэл ашигт ажиллагаа тодорхой хэмжээгээр сайжирна. Тэвчиж болох бүх зардлаа танаад ч алдагдал хүлээж буй нь тарифын хязгаарлалттай л холбоотой. Алдагдлаа бууруулж, эрсдэлээ багасгаж чадахгүй энэ байдлаараа ажиллавал тоног төхөөрөмжийн элэгдэл, доголдлоос шалтгаалсан үйлдвэрлэлийн ослын давтамж ч өснө. Ер нь тун эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна” гэв. Үүнээс гадна тус станцын хоёр зуухыг нэг машинч хариуцан ажиллаж байна. Энэ нь залуучууд станцад ажиллах сонирхолгүй, цалин болон ажиллах орчин нөхцөлийг нь голж байгаатай холбоотой гэсэн.
Цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг төвийн бүсийн үйлдвэрүүдийн нүүрсний гол ханган нийлүүлэгч нь Шарын голын нүүрсний уурхай буюу “Шарын гол” хувьцаат компани. Тус компани 2022 онд нийт 9.9 сая шоо метр хөрс хуулж, 1.4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Үүнээс өнгөрсөн сарын эцсийн байдлаар 7.2 сая шоо метр хөрс хуулан, 996 400 тонн нүүрс олборложээ. Жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэглээг тогтвортой хангахын тулд уулын техникүүдийг өөрсдийн хүч бололцоогоор нэмж, сайжруулсан юм байна. Тухайлбал, энэ онд 3200, 7000 шоо метр шанагатай экскаватор тус бүр нэгийг, 60 тоннын автосамовал дөрвийг, нийт 11.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий техникүүд лизингээр авчээ. Гэсэн ч энэ сарын 1-ний байдлаар 43.5 тэрбум төгрөгийн орлго олж, 48.6 тэрбумын зардал гарган, нийт 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн байдлаар 5.9 тэрбум төгрөгийн авлагатай байснаас “Эрдэнэт ДЦС” болон “Дархан ДЦС”-д нийт 3.3 тэрбум орчим нь ногджээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станц гэхэд л 1.4 тэрбум төгрөгийн өртэй. “Шарын гол” хувьцаат компанийн богино хугацааны өр төлбөр гэхэд 31.6 тэрбум төгрөгөөс давсныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан дурдлаа. Өр, авлага, алдагдлын хэмжээ ийм түвшинд хүрсэн нь нүүрсний үнэ хямд, олборлох зардал өндөр байгаатай шууд холбоотой гэсэн. Дизелийн түлшний үнэ тасралтгүй өсөж буйгаас үүдэн нүүрс олборлох зардалд гэхэд хоногт 60 сая төгрөгийн алдагдал хүлээж буйг ч Б.Мэндсайхан онцолсон. Тиймээс Шарын голын нүүрсийг өдгөө нэг тонныг нь 44 500 төгрөгөөр борлуулж буйг багадаа 55 400-д хүргэх, улмаар 60 000 болговол алдагдлын хэмжээ буурах тооцоо гаргажээ. Үүнээс гадна нүүрсний ордын геологийн тогтоц нь хэвгий учраас олборлолт, борлуулалтын хэмжээг тогтмол нэг түвшинд бариад ч жил бүр 3-5 метрээр уурхайг гүнзгийлэх шаардлага үүсжээ. Энэ нь хөрс хуулалтын ажлыг удаашруулахаас гадна гүний усыг шүүрүүлэх ажил удан, тээвэрлэлтийн зайг ч уртасган, ашиглалтын зардал нэмэгдэх бас нэг шалтгаан болдог гэнэ. Мөн алдагдалтай ажиллаж байгаагаас ханган нийлүүлэгчид, татварын болон нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрөө хойшлуулж, үйлдвэрлэлд нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийсээр ирж. Ингэснээр ажилчдын нийгмийн даатгал төлөгдөхгүй, улмаар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын байгууллагаас “Шарын гол” компанийн харилцах дансыг хаах хүртэл сануулга өгчээ.
Улсын хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэдэг 27 эх үүсвэрээс бийгээс 10 нь тасралтгүй, тогтвортой ажилладаг. Энэхүү 10 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 1260 мВт бөгөөд дунджаар 1000 мВт цахилгаан тогтмол нийлүүлж буй юм. Гэтэл ирэх өвлийн оргил ачаалал 1500 мВт-аас давах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй хэмжээнээс хэрэглээ нь 50 хувиар хэтрэх нь. Мэдээж цахилгааны дутагдлыг импортоор орлуулах ч бүрэн хүчин чадлаараа, ослын горимоор ажиллаж буй дотоодын нийлүүлэлт доголдох, доголдсон тохиолдолд авах арга хэмжээ хомс, хэтрүүлж хэлбэл, Монгол Улс цахилгаан, дулаантай байх, эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл үүсээд ужгирсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцгойлон хэлснийг дурдах нь зүйтэй. Б.Чойжилсүрэн “Салбарт хуримтлагдсан өр, төлбөрийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Юуны түрүүнд энэ өвлийн бэлтгэлийг базаах, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад 400 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд ирэх оны төсөвт 350-400 тэрбумыг татаас хэлбэрээр суулгах, эсвэл тарифаа нэмэхээс өөр арга алга. Эдийн засаг өсөлтгүй, төсөв хүнд байгаа учраас зөвлөлдөж хэлэлцсэний үр дүнд Эрчим хүчний зохицуулах хорооны эрхийн хүрээнд тарифаа нэмэх шийдвэрт хүрсэн. Тодруулбал, ирэх сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн хэрэглэх цахилгааны үнийг өсгөх бол 2023 оноос дулааны тарифыг ч нэмнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд 5000 кВт/цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд 14, үүнээс дээшилбэл 28 хувиар тарифыг нь нэмнэ. Түүнчлэн уул уурхайн компаниуд, банк, үүрэн холбооны операторууд, криптовалют олборлогч зэргийнхийг 200 000 кВт/цаг хэрэглээнд 28, үүнээс өндөр бол 38 хувиар тарифыг нь өсгөнө. Эндээс 280 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Харин иргэд буюу ахуйн хэрэглээний цахилгаан, дулааны үнийг одоогоор нэмэхгүй. Эрчим хүчний салбарын алдагдал ихэссэн хэвээр, үйл ажиллагаа доголдох түвшинд хүрсэн нь товчхондоо техник, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол хэтэрсэн, хөрөнгө оруулалт болон эх үүсвэрийн дутагдалтай байдал, мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй зардлаас ямагт доогуур нийлүүлж ирсэнтэй холбоотой. Цаашид эл салбарыг либералчлах, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх бодлого тууштай баримтална” хэмээв. Эдгээрээс гадна дулаан, цахилгаан үйлдвэрийн ажиллагсад салбарын сайд, Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа гомдол гаргаж, санал хүргүүлж буйг дурдъя. Энэ нь мэдээж цалингаа өсгөх, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой. Цалин хангамж муутай учраас дээр дурдсан станц, уурхайд хүний нөөц дутагдалтай байгаа бөгөөд энэ оны эхнээс өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт 80 орчим хүн ажлаас гарч, Орхон аймагт тайван жагсаал хүртэл зохион байгуулсныг Үйлдвэрчний эвлэлийн хорооных нь төлөөлөл дурдана лээ. Эрчим хүчний салбараа “эмчилж” эхлэх буюу зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх, тарифыг нэмэх, ядаж л үйлдвэрлэж буй зардалтай нь дүйцсэн үнээр цахилгаан, дулаан, нүүрсийг борлуулах зайлшгүй шаардлага үүссэн нь эндээс тодорхой харагдана.