Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зургадугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнгөрсөн сарын 29-нд албан бичгээр ирүүлсэн, зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигчийн үнэ тарифыг индексжүүлэх талаар “зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг хэлэлцжээ. Тус газраас үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авсан байна. Хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээжээ. Харин экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигчийн үнэ тарифыг тодорхой хувиар нэмэхийг зөвшөөрсөн аж. Хуралдаанаар экспортын зэс, цайрын баяжмал, нүүрсний тээвэрлэх үнийг 20, төмрийн хүдэр, жоншныхыг 15 хувиар нэмэхээр болсон байна. Тэгвэл орон нутгийн болон олон улсын зорчигч тээврийн тарифыг тус бүр 50 хувиар нэмэхийг дэмжсэн гэнэ . Энэ шийдвэрийг ирэх сарын 1-ээс мөрдөх ь. Мөн хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үнэ тариф нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа болон зорчигч тээврийн вагоныг шинээр солих, сайжруулах, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл хүргүүлжээ. Үнэ тарифыг нэмэгдүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ын орлого жилд 8.3 тэрбум төгрөгөөр юм байна.
Зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш нэмээгүй гэнэ. Одоогийн мөрдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон Улаанбаатар-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг. Тэгвэл уг чиглэлд зорчиход том оврын автобус 20 600, суудлын тэрэг 31 мянган төгрөгийн төлбөр авдаг байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.