Сэлбэ голын эргийг тохижуулж, урсцыг нь сайжруулах зорилготой төслийг Засгийн газар дэмжжээ. “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах” гэсэн ерөнхий нэртэй уг төслийн хүрээнд голын эрэг орчмыг тохижуулж, амралт зугаалгын бүс болгон, урсац сайжруулах ажил хийх гэнэ. Голын эх хэсэгт 5.5 метр гүн, 130 гаруй мянган шоо метр ус хуримтлуулах, урсац зохицуулах хиймэл нуур байгуулахаар төлөвлөснийг нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. өслийг Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл, Хөгжлийн инновац, үйлчилгээ судлалын институттэй хамтран хэрэгжүүлэхээр болсныг хотын эдэгдээд буй. Тэгвэл төслийн нэгжийнхэн АНУ, БНСУ-ын багтай мөн гар нийлж ажиллахаар болсноо мэдээллээ. Тодруулбал, Америкт төвтэй Олон улсын байгаль хамгаалах сангийн усны инженер, ландшафтын архитекторууд гол дагуу хийх тохижилтын ажилд зөвлөмж, чиглэл өгөх нь. Тэд олон улсад энэ чиглэлийн цөөнгүй төсөл, хөтөлбөрт ажилласан туршлагатай гэнэ. Түүнчлэн Гачон их сургуулийн профессор, усны инженер Чой Жон Гуан тэргүүтэй БНСУ-ын дөрвөн мэргэжилтэн үүнд оролцохоор болжээ. Төслийн нэгжийнхэн “Энэ удаа гурван улсын инженер, мэргэжилтнүүдтэй хамтарна. Голын унаган төрхийг алдагдуулахгүй тохижуулахын тулд олон улсын, өндөр туршлагатай инженерүүдтэй хамтрахаас аргагүй” хэмээн ярьж байна. Хэрэв тэд үнэхээр ярьсан, мэдээлсэн шигээ гадаадын туршлагатай хүмүүсийн оролцоотойгоор төслөө үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нийслэлчүүдийн хувьд үүн шиг баяртай үйл явдал үгүй. Харин эсрэгээрээ үр дүнгүй, дутуу дулимаг ажлууд хийвэл улаанбаатарчууд Сэлбэ голоосоо бүрмөсөн хагацаж ч мэднэ.
Өнгөрсөн жилүүдэд Сэлбийг хамгаалах, сэргээх, тохижуулах, урсцыг нь дэмжих, амралт, зугаалгын бүс болгох зорилготой цөөнгүй төсөл нийслэлээс хэрэгжүүлсэн. Зөвхөн 2012-2016 онд энэ чиглэлийн ажилд найм орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн баримт бий. Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн ЗДТГ хамтран АНУ-ын ЭСЯ, XI хороолол орчмын голын эргийг үлгэр жишээ тохижуулна хэмээн ам гараад, ямархуу дүр зурагтай болгосныг уншигчид санаж буй биз ээ. Үүнд 1.7 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнчлэн голын урсац дэмжих зорилгоор гүнээс ус татан төвлөрүүлэх дөрвөн худаг 800 сая төгрөгөөр байгуулсан ньөдгөө хог хаягдлаар дүүрч, ажиллагаагүй болоод буй. Эл голыг хамгаалах зорилгоор санаачилж, холбогдох албаны хүмүүст танилцуулсан ч ажил хэрэг болгож чадаагүй “цаасан” төсөл ч өчнөөн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэхэд БНСУ-ын “Чунгсук инженеринг” компанитай хамтран “Туул, Сэлбэ голыг хамгаалах, урсац сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр жил дамнан судалгаа, шинжилгээ хийж байснаа гэнэт л таг чиг болчихсон. Нийслэлээс голын эрэг дагуух 122.8 га газрыг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах “Аялгуут усан хүрээлэн” төсөл санаачилсан нь мөн замхарсан. Хамгийн сүүлд сайн дурын залуус Сэлбэ голын эрэг тохижуулах концепц боловсруулах “Creative 100” төсөл санаачилсан ч түүнийгээ хөрсөн дээр буулгаж чадаагүй. Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн Н.Батзориг “Сэлбэ голоо аварцгаая” аян өрнүүлж, олон хүнээс 10 мянган төгрөгийн хандив цуглуулсан ч түүгээрээ чухам юу хийсэн нь тодорхойгүй. Үндсэндээ төр, хувийн хэвшил, иргэд гээд оролцож, санаа тавьж болох бүхэн өнгөрсөн хугацаанд Сэлбэ голыг “хамгаалах, сэргээх” чиглэлээр дуугарч, тодорхой ажлууд хийсэн. Харамсалтай нь, үр дүн ер гараагүй.
Сэлбэ голын нөхцөл байдал одоо ямар байна вэ. Өөдтэй дүр зураг төсөөлөлд буухгүй байгаа биз. Хотын дундуур урссаар Туулд цутгадаг тус голыг нийслэлийн экосистемийн чухал бүрдэл хэсэг, хотын өнгө үзэмжийг чимэгч, иргэд, амарч зугаалахад тохиромжтой цөөн газрын нэг гэж үздэг байсан бол өдгөө тэгж харагдахаа, төсөөлөгдөхөө ч больсон. Голдирол нь хумигдаж, лаг, шавар, хогонд эзлэгдсэн. Иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын залуус жил болгоны хавар, намарт Сэлбийг хог хаягдлаас нь салгадаг ч хэсэг хугацааны дараа эргээд л бохирддог. Иргэдэд зориулж тохижуулсан нь бусад хэсгээсээ ч бохир, өнгө үзэмжгүй харагддаг. Голын урсац, усны хэмжээ нь ч жилээс жилд багассаар байгааг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Өнөө жил Монгол орны нийт нутгаар хур тунадас ахиу орсны ачаар Сэлбийн усны түвшин бага боловч нэмэгдсэн гэдгийг “Усны төлөө иргэдийн нэгдэл”-ийн тэргүүн З.Батбаяр хэллээ. Яг энэ үед нийслэлчүүд Сэлбэ голоо нүдний цэцгий мэт хайрлан хамгаалах шаардлага тулгарсныг ч тэрбээр сануулав. Өөрөөр хэлбэл, бид дахин алдаа гаргах эрхгүй, Сэлбэ ч “гарын ая даах” тэнхээгүй болжээ. Тиймээс “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах” төслийн хүрээнд хийх ажлуудад урьд урьдынхаас нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй болж байна.
Нийслэлээс мэдээлж буйгаар уг төслийн нэгж байгуулах, хамтран ажиллах гадаадын мэргэжилтэн урих, хэлэлцээр хийх ажил дөнгөж эхэлж байгаа аж. Одоогоор төслийн нэгжид гарын таван хуруунд багтах цөөн хүн бий гэх. Хачирхалтай нь, эл багт мэргэжлийн бус, цахим сүлжээнд олон мянган дагагчтай, хэд хэдэн кинонд дүр бүтээснээс өөр гавьтай хийсэн зүйлгүй, олны танил эмэгтэй багтжээ. Тэрбээр уг төслийг санаачлагч, гадаадын мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж авах нөхцөл бүрдүүлсэн чухал хүн мэтээр өөрийгөө дөвийлгөн сурталчилсаар байна. “Энэ чиглэлээр мэргэшсэн, мундаг залуучууд Монголд бий. Тэднийг ажиллуулаасай” хэмээн байр сууриа илэрхийлсэн нэгний өөдөөс “Нээлттэй сонгон шалгаруулалтаар хэдэн хүн авна” хэмээн “томорчээ”. Мөн тэрбээр “АНУ, БНСУ, Италийн чадварлаг мэргэжилтнүүд бүгд үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх боллоо. Хэлэлцээр хийгээд, үнэн байдлаа тайлбарлахаар төсөлд оролцох нь нэр төрийн хэрэг гэж нааштай хүлээн авч байна. Зөвлөх үйлчилгээг эдгээр орноос төлбөртэй авбал өчнөөн сая ам.доллар зарцуулна. Сэлбэ голыг тохижуулах төсөл их буянтай, бүх зүйл нь аяндаа бүтээд байх юм” хэмээн уянгын халилтай зүйл ярьж явна. Үнэндээ одоо Сэлбэ голыг сэргээе, хамгаалъя гэвэл мөнгө хэмнэх, бага өртгөөр их ажил хийх тухай ярих нь утгагүй. Түүндээ тохирсон “хямдхан” ажил хийчихээд дараа нь “Бид ийм бага өртгөөр өчнөөн зүйл хэрэгжүүлсэн, ингэж хэмнэсэн” гээд зовлон тоочоод, өөрсдийгөө өмгөөлөөд сууж байхыг үгүйсгэх аргагүй. Сэлбэ голыг он удаан жил “сэрүүн” байлгая гэвэл энэ удаагийн төсөлд тендер шалгаруулах, баг бүрдүүлэхээс эхлээд маш хариуцлагатай хандах ёстой. Зөвлөх үйлчилгээг ч ном журмынх нь дагуу авах хэрэгтэй. Үүнд нийслэлийн удирдлага болон төслийн нэгжийнхэн анхаараасай.
Манай Засгийн газар БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 10 төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд баталж байж. Үүнд “Нийслэл болон аймгийн төвүүдийн гудамж, талбайг камержуулах”, “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”, “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”, “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах” зэрэг төсөл багтжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр эдгээр ажлыг хугацаанд нь эхлүүлж чадалгүй явсаар өдий хүрсэн аж. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлуулсан гэнэ.
Манай улс бүтэлгүйтсэн төсөл, хөтөлбөрийн туршлага арвинтай. Сэлбэ голтой холбоотой нь ч цөөнгүй. Энэ бүхнээс үндэслээд төсөл хэрэгжүүлэх хүмүүст хэдэн зүйлийг онцгойлон захья. Нэн түрүүнд төслийн тооцоо, судалгааг үндэслэлтэй, оновчтой хийгээрэй. Юу юуны туханд хүрэлгүй тохижилт, төлөвлөлтийн “сайхан” зураг гаргах гэж бүү яараарай. Газар чөлөөлөлтөөс үүдэлтэй үй түмэн бэрхшээл үүсдэгийг санаарай. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа ул суурьтай хандаарай. Зөвхөн тендерийн асуудлаас үүдээд Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн замын ажил хэр хугацаанд саатсаныг мэдэж байгаа биз. Мөн гол дагуух хэсэгт хууль зөрчин газар олгодог, түүнийг нь зориулалт бусаар ашигладаг явдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа Сэлбэ голын эх орчимд ийм явдал гаарсан. Урсац сайжруулна гэхээр хиймэл нуур байгуулаад л болчихгүй, ойр орчмынх нь газрыг ч хамгаалах ёстойг учир мэдэх хүмүүс сануулсан шүү. Эргийг нь тохижуулж байна гээд голын татам, голдиролд нь тулгаад цементээр хуччихав аа. Байгалийн унаган төрхийг нь алдагдуулахгүй тохижуулна гэчихээд бөөн худалдаа, үйлчилгээний газар барьчихав аа. Ийм жишээ цөөнгүй шүү.
Сэлбэ бол улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын томоохон цутгал, нийслэлийн экосистемийн чухал бүрдэл хэсэг гэдгийг дахин онцолъё. Түүнийг хамгаална гэдэг нь нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж буй хэрэг. Тэгэхээр Сэлбийг сэргээх үү, эсвэл одоогийнхоос нь ч дордуулах уу гэдгийг шийдэхэд та бүхний хэрэгжүүлэх төсөл ихээхэн чухал нөлөө үзүүлэх юм, нийслэлийнхээн.