Азербайжаны Нахчивян хотод 16 хүртэлх насныхны дэлхийн шатрын олимпиадыг энэ сарын 1-11-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд 23 орны 34 багийн тамирчин швейцар системээр есөн өрөг тоглов. Манай өсвөр үеийн шигшээ багийнхнаас Б.Ананд, Б.Тэнүүнболд, М.Амилал, Э.Хүслэн нар энэ удаагийн олимпиадад оролцож, оюун ухаанаа сорилоо.
Тэд эхний хоёр өрөгт эзэн орны “Azerbaijan sumgayit olympic SC”, Туркийн “Turkey red” багийнхныг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Манай шатарчид сүүлийн тоглолтод дөрвөн хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой наймдугаар байр эзлэв. Монголын шатарчдаас “Хан Алтай” клубийн тамирчин Э.Хүслэн долоон оноо авч, IV ширээнд түрүүллээ.