Шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс бүх шатны шүүхийн Тамгын газрын албан тушаалтнууд болох дарга, шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгчийн туслах зэрэг ажилтныхаа боловсролын бичиг баримтыг нягтлан үзэхээр төлөвлөсөн тухай дуулдах болов. Магадгүй багш нарын боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа шүүхийн Тамгын газарт ажиллаж буй эрхзүйч мэргэжил эзэмшсэн залуусын баримт бичигт ч анхаарал хандуулахгүй өнгөрч болохгүй биз. Юутай ч ШЕЗ-өөс хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын хэрэгжилтийн хүрээнд цахим санд оруулж буй шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалтай холбоотой нягталж шалгах ажиллагаа хийж эхэлсэн юм билээ.
Ийнхүү хянаж шалгаж буй бол шалгалтаа чанартай, үр дүнтэй хийж, хууль, журам зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцвол цаашид үр дүнтэй байж, иргэдийн дунд илт унаад буй шүүхийн нэр хүндийг өргөхөд ч хэрэгтэй биз. Үүнийг онцлохын учир нь анхан шатны шүүхүүдэд хууль, журам зөрчс өн асуудал цөөнгүй гарч байгаатай холбоотой. Тухайлбал, нэгэн шүүхийн Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасан “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэснийг зөрчиж томилогдсон нь бий. Ахлах түшмэлээр дөрвөн жил ч ажиллаагүй хүнийг улстөрчийн хүсэлт, шахалтаар томилсон гэх мэдээлэл бий.
Орон нутгийн нэгэн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан хүн мэргэшүүлэх багц сургалтад ч хамрагдаагүй, тусгай шаардлагад заасан магистрын зэрэг ч хамгаалаагүй байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй удаа дараа ял шийтгүүлсэн хүн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан нь ч ил болсон билээ. Тэтгэвэрт гарах хуулийн хугацаа нь болчихоод байхад сандал, ширээгээ бөглөөд сууж буй, дэвшин томилогдох хүсэлтэй олон залууст садаа болж байгаа Тамгын газрын дарга ч бий гэдэг. Тиймээс зөвхөн шүүхүүдийн Тамгын газрын дарга гэлтгүй бусад ажилтныг нь ял шийтгэлтэй, эсэхээс авхуулаад боловсролынх нь бичиг баримтыг ШЕЗ-ийнхөн нягталж үзэхэд гэмгүй.
Хууль, журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй хүн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын Тамгын газарт томилогдоод тогтоосон эрх зүйн баримт бичгийг санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй хэрэгжүүлэхгүй байна. Магадгүй хууль, журмаа мэдэхгүйдээ тийм алдаа гаргалаа гэж үзэж болох. Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг хүн бүр мэдэхгүй. Тиймээс шүүхийн захиргааны албан тушаалд томилогдож буй хүнийг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг нь энэ мэт алдаа гаргахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биз. Гэхдээ шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалд томилогдчихсон хэрнээ хууль, журам зөрчиж, гэм буруутай нь тогтоогдож шийтгүүлсэн этгээдэд ял завшуулах боломж олгоно гэдэг байж боломгүй үйлдэл. Ийм нэг бодит үйл явдал нийслэл дэх нэгэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан ч нууцлаад, дарагдуулаад өнгөрч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, ШЕЗ-ийн даргын хамтарсан 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний А/226/177 дугаар тушаалаар Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх журам, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай тэмдэглэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар журам, загвар баталсан байдаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг журмын 2.6-д “Анхан шатны шүүх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах, хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл”-ийг шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс буюу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос дараагийн шатанд гомдол гаргасан, эсэхээс үл хамааран ажлын тав хоногт багтаан цагдаагийн төв байгууллагын Мэдээллийн сан хариуцсан нэгжид хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцон алх цохисон л бол ажлын тав хоногт багтаан цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд тухайн хүний мэдээллийг хүргэх ёстой. Тэр мэдээлэл ирсэн даруйд цагдаагийнхан уг санд бүртгэж, баяжуулж байх үүрэгтэй юм билээ. Ял шийтгүүлсэн хүний мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хүргүүлэх ажлыг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй байхаар журамд заасан аж. Уг журмыг зөрчсөн бол харьяа байгууллагын даргын шийдвэрээр хариуцлага тооцох юм билээ. Гэвч хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй.
Дээрх журмын заалтыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхан хэрэгжүүлэхгүй ихэд удаж, ял шийтгүүлсэн хүмүүсийн мэдээллийг цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд хүргүүлэхгүй байсан учраас холбогдох газраас нь тухайн шүүх рүү хандаж, хэл ам хийснээр арай гэж ирүүлдэг болж. Тэр хугацаанд буюу энэ оны эхний гурван сард тухайн шүүх эрүүгийн 300-гаад хэрэг шийдвэрлэсэн байгаа юм. Тэдний дунд олны анхаарал татсан, улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан, яамны өндөр албан тушаалтнуудын холбогдсон гээд цөөнгүй хэрэг шийдэгдсэн нь бий. Тэдгээр шүүгдэгч нарын мэдээллийг цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд хугацаа алдаж хүргүүлснээр ял завших боломж олгосон байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж мэдээлэл нь хугацаа хожимдож очсоноор тухайн ял шийтгүүлсэн хүн хилээр гарч явах, Төрийн албаны хууль зөрчиж нийтийн албан тушаалтнаар томилогдох гэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй нь мэдээж. Харин энэ хугацаанд ял шийтгүүлсэн хэчнээн хүн төрийн албанд томилогдсон, хилээр гарч явсан, ямар сөрөг үр дагавар учирсан тухай мэдээлэл харамсалтай нь алга.
Уг нь ХЗДХЯ-наас санаачлан шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулахаар эхлэлийг нь тавьсан ч заримынх нь хойрго байдлаас болж өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Уг сан ашиглалтад орсон бол нийслэлийн нэгэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхан шиг хууль, журмаа хэрэгжүүлэхгүй хав дарах явдал гарахгүй байсан биз. Тиймээс цаашид ийм явдал дахин гаргахгүйн тулд ШЕЗ-ийнхөн шүүхийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаа хууль, журмаа хэрэгжүүлэхэд анхаараад зогсохгүй шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, хэрэг хаана яваа, мөрдөгч, прокурор, шүүгч нь хэн бэ гэдгийг ч хараад байх боломжийг иргэдэд нээж өгвөл зүгээр сэн. Монгол Улс цахим засаглалд шилжихээр тунхагласан өнөө үед ийм нэгдсэн сан байгуулахад хэргийн оролцогч иргэдэд ч, мөрдөгч, прокурор, шүүхийн Тамгын газрынханд ч хэрэгтэй.
Цаашлаад давж заалдах гомдол гаргасан хэргийг тогтоосон хугацаанд нь давж заалдах шатны шүүх рүү хүргүүлээгүй гэх хэл ам ч багасаж, Шүүхийн сахилгын хороонд очих шүүгчийн тоо ч буурах нь лавтай. Тиймээс ШЕЗ шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалах гэж буй бол энэ бүхэнд анхаарах шаардлагатай болжээ.