Иргэдээс их хэмжээний самар худалдан авч хадгалан хятадуудад борлуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Б гэх 46 настай эр өнгөрсөн сарын 20-доос хойш нийслэлийн ногоон бүсийн Гачуурт, Улиастай, Хандгайт зэрэг газар руу хүмүүсийг гаргаж, их хэмжээний самар бэлтгүүлж байжээ. Улмаар Баянзүрх дүүргийн нутаг дахь хоёр ч агуулахад 20-30 тн самар бэлтгүүлэн хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлсэн аж. Хууль сахиулагчид шалгалтаа нарийвчлан явуулахад нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдан дээрх агуулахууд руу оруулж ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Б.Б-тай хамт Т.Т гэх 40 настай эрийг шалгаж буй бөгөөд тэд хотын ногоон бүсэд хуш модонд хайр гамгүй хандан самар түүж байгаа иргэдээс нэг кг-ыг нь 6000-7000 төгрөгөөр авч, хятадуудад 14 000-17 000-аар борлуулахаар тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Уг нь байгаль орчинд иргэд маш ихээр сөрөг нөлөө үзүүлж буй учраас хуш модны самрыг түүж, бэлтгэхийг хориглох санал УИХ-ын зарим гишүүн гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт хүргүүлсэн ч Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа билээ.