“ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ” гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. Энэ мэдээлэл нь үнэн, эсэх талаар Батлан хамгаалах яамнаас тайлбар мэдээлэл хийлээ.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “Өчигдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан гэрээт цэрэг бүртгэнэ гэх мэдээлэл цацагдсан. Бид ОХУ-ын талтай холбогдож мэдээллийг тодруулсан. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл гэдэг хариу ирсэн. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Энэхүү хуурамч мэдээллийг цацсан этгээдийг тагнуулын байгууллага олж тогтооно.
Уг мэдээлэл цацагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах зорилготой мэдээлэл байна. Манай улс цэргийн холбоо, харилцаатай бүхий л улстай байнгын холбоо хамааралтай байдгийн дээр сургалт, хамтын ажиллагааг байнга зохион байгуулдаг.
Уг хуурамч мэдээллийг санаатайгаар мэдээлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, сайн мэддэг хүн уг мэдээллийг тараасан байх магадлалтай. Мөн ард иргэд сошиалаар гарч байгаа мэдээлэлд цензуртай хандах ёстой. Монгол Улсад цэрэг татлага явуулах хуультай. Түүнээс бусад оронд гэрээт цэргийн албыг хаалгадаггүй" гэлээ.