Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг, “Самбуу сан” клубийн тамирчин, “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч О.Төгс-Эрдэнэ Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн хавар зохион байгуулсан Азийн АШТ-ээс алтан медальтай ирж, хүчний спортын хөгжөөн дэмжигчдийг баярлуулж байв. Тэрбээр үеэл эгч Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтаар бахархаж, энэ спортод анх хөл тавьсан гэдэг. Түүнийг амжилтаас атгахад Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнх нь хичээл зүтгэл их нөлөөлжээ. Өсвөрийн УАШТ-д дөрвөн удаа аваргаар тодрон, 2020 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүж, дараа жил нь Саудын Арабын Жедда хотод болсон ДАШТ-д огцом өргөлтөөр IV байр эзэлсэн юм. Улсын дээд амжилтыг огцом өргөлтөөр 15 удаа шинэчилсэн түүнтэй ярилцлаа.
-Хичээл эхэлчихлээ. Сургууль, тэмцээн, бэлтгэл гээд завгүй гүйх хааяа хэцүү санагддаг уу?
-Хүндийг өргөлтөөр хичээллээд долоон жил болжээ. Иймэрхүү байдалтай завгүй гүйгээд дасчихсан. Би 2023 оны нэгдүгээр сараас залуучуудын ангиллын тэмцээнд оролцож эхэлнэ. Миний хувьд өмнөхөөсөө илүү амжилт гаргахын тулд хичээж, хөдөлмөрлөх үүрэг хариуцлагатай жил байх болов уу. Үүнээс гадна 12 дугаар ангиа амжилттай төгсөж, их, дээд сургуульд сурахаар төлөвлөж байгаа. Тэмцээнтэй өдөр ангийн багш, нөхөд минь ойлгож, дэмждэг. Ангийнхан завгүй явахад санаа тавьж, хичээлийг минь нөхөж бичдэг юм.
-Тантай Азийн аварга болсон баярт агшны тухай ярилцах сан гэж удаан хүлээлээ. Узбекистаны Ташкентэд өрнөсөн тэр тэмцээний уур амьсгалаар дахин нэг аялъя.
-2022 он надад аз, амжилт хайрласан өөдрөг жил байна. Хэнтий аймагт өнгөрсөн хавар болсон өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлж, Узбекистаны Ташкентийг зорих эрх авсан юм. Тэнд зохион байгуулсан Азийн АШТ-д 71 кг-д огцом өргөлтөөр 85, түлхэлттэйд 101 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн. Монголын тамирчдад Ташкентийн дэвжээ ээлтэй. Тэнд болсон Азийн аваргад өмнө нь хоёр ч удаа өрсөлдсөн болохоор энэ удаагийнхад сандарч, эмээгээгүй. 2018 онд 48 кг-д анх оролцохдоо хамгийн сүүлчийн байрт бичигдсэн. Тэр үед жаахан байсан тул тус хотод анх хөл тавиад л хөөрч догдолсон. Амжилт гаргаагүй ч дараа заавал медаль хүртэнэ гэсэн зорилго өвөртлөөд ирж байлаа. Хичээж зүтгэсний эцэст хоёр жилийн дараа 64 кг-д огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн бол энэ жил Азийн аварга болж зорилгоо биелүүллээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард зохион байгуулсан ДАШТ-д М.Анхцэцэг эгчийн түрүүлэхийг хараад “Түүн шиг аварга болчихоод хэзээ ингэж баярлаж зогсох бол” гэж бодсон. Түүний Ташкентээс авчирсан алтан медаль урам өгч, амжилт гаргах эрч хүч хайрласан шүү.
-Азийн аварга болсон тамирчинд хамгийн түрүүнд бодогдсон зүйл юу байсан бол?
-Түрүүлчихээд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштайгаа баяраа хуваалцах агшин хамгийн сайхан мөч байлаа. Тэр үед гэртээ хурдан харимаар санагдсан. Багш тэмцээний өмнө “Энэ боломжийг алдаж болохгүй шүү. Чиний барьж байсан жин. Чамд амжилт гаргах цаг ирлээ” гэж хэлсэн. Миний жинд өрсөлдсөн тамирчдаас хамгийн хүчтэй нь Казахстан, Узбекистаных байв. Тэндхийн үзэгчид тэмцээний уур амьсгалыг хөгжөөж, тамирчдаа дэмжихийг хараад сэтгэлд олон зүйл бодогдсон. Медаль гардуулахад “Монгол” гээд дуудахад өөрийн эрхгүй огшиж, эх орон, аав, ээж, багшаараа их бахархсан. Би өмнө нь өсвөр үеийнхний дэлхийн аваргад зардлын боломжгүйгээс оролцож амжаагүй. Тиймээс манайхан энэ удаа Азийн аваргад өрсөлдүүлэхээр бүх талаар дэмжсэн юм. Өмнөх харамслаа Ташкентэд тайлж, аварга болчихоод баярын нулимс унагасан. Монголоос өсвөр үеийнхний ангилалд Азийн аварга болсон анхны тамирчин болсондоо сэтгэл өндөр байдаг. Ирэх жил залуучуудын ангилалд өрсөлдөх тамирчдаас хамгийн залуу нь би байх болов уу.
-Охидыг хүчний спортоор хичээллүүлэх эцэг, эх ховор байдаг болохоор олонх нь өөрийнхөө сонирхлоор хөл тавьсан байх юм билээ.
-Надад эхэндээ тийм ч сонирхолтой байгаагүй л дээ. Бэлтгэл хийж, штанг өргөх тусам сэтгэл татагдсан. Сүүлдээ бэлтгэл хийхгүй хэд хоновол зааланд хурдан очмоор санагддаг болов. М.Анхцэцэг эгч бид хоёр үеэл. Түүнийг энэ спортоор хичээллэхийг багаасаа харсан болохоор бэлтгэл хийх орчин нөхцөл, тэмцээний уур амьсгалыг гадарладаг байлаа. Зааланд бэлтгэл хийж байгаа ах, эгч нарыг хараад “Тэдэн шиг өргөж сурах сан” гэж яарч байснаа мартдаггүй. Найман сар бэлтгэл хийж, 2016 оны хавар өсвөр үеийнхний УАШТ-ий 36 кг-д оролцож, мөнгөн медалиар шагналын салхиа хагалсан. Түүнээс хойш улсын аваргаас алт, хүрэл медаль цөөнгүй хүртлээ. Амжилт буухиалсан тэр медалиа бэлгэшээж, шагналынхаа хамгийн дээр залдаг. Тэмцээнтэй өдөр харж, урам авдаг юм.
-Эмч мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан охиныг төмөр өргөж, амжилт гаргана гэж олон хүн төсөөлөөгүй л байх.
-Анги дэвших тусам энэ мөрөөдлөө орхиж, спорт сонирхох болсон. Оюутан болсон ч дуртай спортоосоо холдохгүй гэж боддог. Би багадаа турьхан биетэй байв. Хичээллэхээр ирэхэд багш харчихаад “Чи яаж өргөнө дөө” гээд голонгуй хэлж билээ. Манайд Г.Хандармаа хэмээх тамирчин бий. Ах, эгч нар “Чи анх ирэхдээ түүн шиг жаахан байсан” гэдэг юм. Миний хувьд өмнө нь хүндийг өргөлтөөр хичээллэвэл биеийн өсөлт зогсдог гэсэн буруу ойлголттой байлаа. Зөв техникээр хичээллэж эхэлснээр олны яриа ташаа болохыг ойлгосон. Монголд миний жинд оролцдог олон тамирчин бий. Тэднээс 2019 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон өсвөр үеийнхний дэлхийн аваргаас хүрэл медаль гардсан Г.Энэрэл эгч хамгийн хүчтэй өрсөлдөгч.
-Амжилтад тэмүүлэхэд шигшээ багийн тань ах, эгч нарын үлгэр дуурайл багагүй нөлөөлсөн биз?
-Тийм ээ. Тэднээс Г.Анужин эгчийн шаргуу, дайчин, хөдөлмөрч зангаар бахархдаг. Тэрбээр зааланд ганцаараа үлдсэн ч бэлтгэлээ хийж байдаг юм. Т.Самбуу багшийн “Бэлтгэл хийхэд нууц байдаггүй. Хөдөлмөрлөхөд л нууц бий” гэж хэлсэн үг бий. М.Анхцэцэг эгчийн амжилт бидний замыг засаж, урам, зориг төрүүлсэн. Өмнө нь ДАШТ, олимпод оролцох хол санагддаг байсан бол одоо ойр боллоо.
-Ц.Хосбаяр багшийг спортын хүрээллийнхэн “Шавь нараа “уншиж”, сэтгэл зүйг нь мэдрэхдээ гаргууд” гэж ярьдаг юм.
-Багш бидний харц, хөдөлгөөнийг хараад бүх зүйлийг мэдчихнэ. Бэлтгэлийн үед тамирчдынхаа уналт, сэргэлтийг маш сайн мэдэрдэг. Жаахан урвайгаад ирвэл “Сэтгэл санаа тань ямар байна, гэрт чинь ямар нэгэн зүйл болсон уу” гээд асууна. Заримынх нь аав, ээжтэй ярилцаж, зөвлөлдөнө. Тухайн тамирчны биеийн онцлог, сэтгэл зүйн байдалд тохируулж амраах, сэргэлт өгөх, эсвэл шаргуу бэлтгэл хийлгэх, эсэхээ шийддэг юм.
-Дандаа түрүүлнэ гэж юу байх вэ, хааяа ялагдаж сэтгэлээр унах үе гарах уу?
-Өрсөлдөгчдөө ялагдсан үед хойтон болох тэмцээн хол санагдана. Гадаад, дотоодын томоохон тэмцээнд медалиас атгаад алдах л хамгийн хэцүү. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Саудын Арабын Жедда хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д хүрэл медалиас атгаад алдсандаа их харамссан. Хэчнээн хүч, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулснаа бодохоор хайран санагдаж билээ. Тэр тэмцээний алдаа, сургамж хааяа сэтгэл тавгүйтүүлдэг байв. Энэ жил Азийн аваргаас алтан медаль хүртэж, сэтгэл тайвширсан.
-Хүүхэд насаа хэр дурсамж дүүрэн өнгөрүүлэв?
-Миний хүүхэд нас хичээлдээ гүйх, бэлтгэлээ хийх, тэмцээнд оролцох зэргээр завгүй өнгөрсөн. Чөлөөт цагаараа дуртай киногоо үзэж, нэгнийхээ баярыг тэмдэглэн хуваалцах үеийнхнийгээ хараад атаархдаг сан. Надад ангийнхаа нөхөдтэй аялалд хамт явсан удаа ховор. Тийм үед бэлтгэл хийх чухал санагдаж, зорилго, тэмүүллээ боддог байлаа. Надад төлөвлөсөн зүйл олон бий. Үүнээс хамгийн их мөрөөдөж байгаа нь 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод болох олимпын наадмаас медаль хүртэх. Тэр үед 24 нас хүрчихсэн, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байх нь.
-Гэрийнхэн тань оролцсон тэмцээнүүдийг чинь үзсээр байгаад спортын ойлголттой болчихсон байх даа.
-Манайхан тэмцээн үзсээр байгаад спортын анхан шатны ойлголттой болчихсон. Бэлтгэлийн үед бие өвдвөл ээж мэддэг бүх эмчилгээг хийдэг. Эхэндээ энэ спортын талаар төдийлөн ойлгодоггүй байсан бол өдөр бүр бэлтгэл хийж, амрах завгүй хөдөлмөрлөхийг хараад сүүлдээ дэмждэг болдог юм билээ. Азийн АШТ-ий үеэр хамаатны ах, дүүс манайд цугларсан байв. Манайханд намайг аварга болчихоосой гэсэн хүлээлт байсныг дараа нь мэдсэн. Тэмцээнд туйван өргөхийг ээж, эмээ үзэж чаддаггүй юм. Санаа нь зовниж “Яана аа, охин минь яагаа бол” гэдэг гэнэ лээ. Тамирчдыг амжилт гаргахад амралт, сэргэлт, хооллолт чухал. Бэлтгэл хийхээр хааяа ядарна. Тийм үед ээжийнхээ гарын хоолыг идэж, амрах нь сайхан амралт болдог. Амралтын өдөр бэлтгэл эрт тарвал найзуудтайгаа ярилцаж, сонирхолтой кино үзэх дуртай. Тамирчин хүн гарын таван хуруунд багтах цөөн найзтай байдаг. Нөхөрлөлийн тухайд гэвэл баг хамт олон бусдаас илүү ойлгодог сайн найз болдог юм билээ. Тэднээс нэг гэр бүл шиг халуун, дотно уур амьсгалыг мэдэрдэг. Бид нэгийгээ бэлтгэл хийхгүй хэд хоновол санаж үгүйлнэ шүү дээ.
-Энэ спортоор хичээллэсэн тань амьдралдаа зоригтой өөрчлөлт хийсэн зөв шийдвэр байв уу?
-Ташкентэд шагналын тавцанд зогсож байхдаа “Би зөв шийдвэр гаргаж хичээллэжээ. Хэрвээ суралцаад явсан бол улсынхаа нэрийг ингэж гаргахгүй болов уу” гэж бодсон. Эх орондоо байхад Төрийн далбаа энгийн санагддаг. Харин хүний нутагт харахаар өөрийн эрхгүй огшдог юм билээ. Өмнө нь амжилт гаргасан тамирчдыг харж бахархдаг байсан бол өөрийн биеэр тэр бүхнийг мэдрэх үнэхээр өөр. Тээр хол санагддаг хүсэл мөрөөдөл, зорилго минь ойрхон байсныг тэр үед ойлгосон. Тамирчдад амжилт гаргах цаг хугацаа гэж бий. Тийм баярт агшин энэ жил тохиолоо. Ташкентээс ирээд ах, дүүстэйгээ хамт нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлэх амьдралын минь бас нэг сайхан мөч байлаа.
-Спорт хүнийг зөв хандлагатай болгож төлөвшүүлдэг. Хүндийг өргөлт таныг хэрхэн өөрчилсөн гэж бодож байна.
-Өмнө нь үеийнхэнтэйгээ энгийн харилцдаг байлаа. Тамирчин болсноор тэднийг хүндлэх болсон. Тоохгүй орхидог байсан жижиг алдаануудаа ч анхаарч зассан. Бэлтгэлээсээ хоцрохгүйн тулд цаг сайн баримталж сурлаа. Тамирчдын бэлтгэл хийдэг заал хоёр дахь гэр нь шүү дээ. Бид уналт, босолтын аль алийг нь туулдаг. Болих, эсвэл үлдэх амаргүй шийдвэртэй нүүр тулгарна. Миний хувьд 2021 он уналтын жил байв. Дорвитой амжилт гаргахгүй санагдаж, сэтгэлээр их унасан. Тэр үед холдъё гэж бодоогүй ч халширсан тал бий. Тийм үед багш, бэлтгэл хамт хийдэг найз О.Баянтуул урам өгч, урагшлуулсан. Энэ ташрамд, хүндийг өргөлтөөр сонирхож хичээллэдэг тамирчдад “Амаргүй санагдаж, бүр бууж өгмөөр байсан ч зорилгоо эргэж нэг санаарай. Амжилт гаргахад золиос ч шаарддаг тул битгий шантраарай” гэж хэлье.