Авлига, авлигачидтай ширүүн тэмцэхээ чанга дуугаар илэрхийлсэн төр, засгийн үйл ажиллагаа ачир дээрээ илт зөрсөөр байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ч авлигатай тэмцэх, авлигачдыг төрийн албан тушаалд томилохгүй гэдгээ чанга дуугаар хэлж байв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороог ахалдаг. Тус хорооны хурлын үеэр тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг авлига, хүнд суртал хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн ит - гэлийг алдагдуулж байна.
Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Төрийн албан хаагчдад хэлэхэд авлигатай холбоотой асуудалд Ерөнхий сайдын хувьд хамгаалж чадахгүй шүү. Та сайд ч бай, хэн ч бай авлигын асуудалд холбогдвол ялаа эдэлнэ” гэж байсан билээ.
Бас “Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Авлигын хэрэгт хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй. Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг” хэмээсэн нь сонины хуудас, цахим орчинд ч хадгалаастай байна.
ХУУЛЬ, ШҮҮХИЙН ӨМНӨ ЭРХ ТЭГШ БАЙХ ЭРХ Ч ЗӨРЧИГДЛӨӨ
Харамсалтай нь, төрийн болон төрийн өм¬ чит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд эрүүгийн, тэр дундаа авлига, албан тушаалын хэргийн яллагдагчаар татагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болсон хүмүүсийг томилсон нь Засгийн газрын тэргүүний үг, түүнийг хэрэгжүүлэгч удирдлага доорх албан тушаалтнуудын ажиллаж буйтай илт зөрөлдөх болов. Өөрөөр хэлбэл, зарим эрх бүхий албан тушаалд хуульд заасан шаардлага хангахгүй хүнийг элдэв шалтаг, халхавч ашиглан томилчихоод байна. Уг нь нийтийн албан тушаалд хэн нэгнийг томилохдоо АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь авдаг. Энэ үед нь АТГ-ынхан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан гэдгийг нь тодорхойлдог ч үл ойшоодог нь улстөрчид, тэдний татаас, дэмжлэгээр албан тушаалд томилогдсон хүмүүст авлигатай тэмцэх хүсэл, зориг үгүйг илтгэх мэт.
Төрийн албаны тухай хуулийн 22.1.3-т төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагад “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэж заасан. Үндсэн хуульд ч “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасанд үндэслээд албан тушаалд томилсон гэх тайлбар өгөх нь элбэг. Гэхдээ Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн байдаг. Энд эрх тэгш байгаагүй нэгэн жишээг татъя. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд ч оруулан дэмжсэн. Гэвч УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнөх шөнө АТГ-аас ирүүлсэн “Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байгаа” гэсэн бичигт үндэслээд нэрийг нь татаж, Т.Мөнхсайхан оронд нь томилогдож байсан билээ. Харин сүүлийн үед хийсэн, яллагдагч нарыг албан тушаалд томилсон томилгоо нь АТГ-ынхны бичгийг үл ойшоосон гэхэд ч хилсдэхгүй. Авлига, албан тушаалын хэргийн яллагдагч хэд хэдэн хүнийг албан тушаалд томилчихоод байгааг жишээ, баримтаар хүргэе.
ХЭРЭГ НЬ СУРАГ АЛДАРЧ, ХОЛБОГДОГЧИД НЬ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН БОЛОВ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар энэ оны зургадугаар сарын 15-ны хурлаараа Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Гавьяат дасгалжуулагч, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилсон. Авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлсэн Засгийн газрын тэргүүний үг ажил хэрэгтээ зөрсөн нь энд тод харагдана. Бодвол Д.Жаргалсайханыг томилохын өмнө АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь авч хянасан байлгүй. Тэнд эрүүгийн хэргийн яллагдагч гэдгийг нь мэдэгдсэн ч биз. Шадар сайд асан Ц.Оюунбаатар, түүний хүү О.Тэмүүжин нартай хамтатган Д.Жаргалсайханыг яллагдагчаар татсан байдаг. Түүгээр ч зогсохгүй 2022 оны тавдугаар сарын эхээр уг хэргийнх нь нэмэлт мөрдөн байцаалтыг дуусган яллах дүгнэлт үйлдүүлж шүүхээр шийдвэрлүүлэх саналаа АТГ-ын мөрдөгчид илэрхийлэн прокурорын хяналтад шилжүүлсэн байдаг юм. Гэвч түүнээс хойш эл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болсон. НПГ-т өмнө нь ч нэлээд удаж байж шүүх рүү шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болж байсан билээ. Энэ хүмүүсийг “Тэмээн поло-2016” тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, Ц.Оюунбаатарын ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллага руу шилжүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Ц.ДАВААЦЭРЭН ДАХИАД АВЛИГЫН ХЭРЭГ ӨДҮҮЛСЭН ҮҮ
УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулсан Л.Энхболдыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилон ажиллуулж байгаа. Тэрбээр бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор Х тайлантай байсан, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан компанийг бэлэглэлийн гэрээгээр хамаарал бүхий хүнийхээ нэр дээр авч, улмаар мах боловсруулах “Дэлгэр говь” хэмээх төсөл бичүүлэн “Хасговь транс” компанид 950 сая төгрөгийн санхүүжилт ЖДҮХС-гаас авсан хэрэгт яллагдагчаар татагдаж байсан нэгэн. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн харьяаны гэж хэлж болохуйц “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар мөн л эрүүгийн хэрэгт холбогдон удаан хугацаанд шалгуулж буй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг удирдаж байсан Ц.Даваацэрэнг томилоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж “Ачит ихт” компанид давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр болж байсан.
Ц.Даваацэрэнгийн хувьд ганц энэ хэрэгт ч бус, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон 2021 оны арванхоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлж байв. Түүнийг бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт ч буруутгасан гэх мэдээлэл бий. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэд хэдэн хэргийн яллагдагч болсон түүнийг хэний дэмжлэгээр төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь тодорхойгүй. Бодвол “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-нхон л санал нэгтэй тавьсан биз. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг удирдаж байхдаа ч бас хэрэгт холбогдон шалгуулж буй юм билээ. Хэдхэн хоногийн өмнө АТГ-ынхан гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг. Одоогоор Ц.Даваацэрэнг яллагдагчаар татаагүй ч хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж буй гэсэн. Тэрбээр энэ оны долдугаар сард “Талын төмөр зам” ХХК-тай шууд гэрээ байгуулж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан нь авлигын гэмт хэргийн шинжтэй гэж үзээд дээрх нэгжлэгийг хийсэн юм билээ.
ОРОН НУТАГТ БАС НЭГ ЯЛЛАГДАГЧИЙГ ДАРГААР ТОМИЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил нарт холбогдох хэргийн нэг яллагдагчийг нийтийн албан тушаалд томилсон гэх мэдээлэл бий. Ш.Оргилтой хамт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал нарыг холбогдуулан яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Энэ хүмүүсийг улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Засаг дарга асан Ш.Оргилын найз Г.Баттулгын аж ахуйн нэгжид давуу байдал олгон худалдсан хэрэгт буруутгасныг бид мэдээлж байв. Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнууд нь хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүддээ нөлөөлж, гадаад худалдаа, аялал жуулчлал, байгаль орчны зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Эко петролиум” компанийг тендерт шалгаруулсан байдаг. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Уг хэргийн нэг холбогдогч, дэд хурандаа С.Батжаргал цэргийн тэтгэвэртээ гарсан бөгөөд саяхан аймгийн ЗДТГын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга хэмээх нийтийн албан тушаалд томилогдсон гэнэ.
Энэ мэтээр холбогдсон эрүүгийн хэргээ шийдвэрлүүлэлгүй улс төрийн, нийтийн, төрийн захиргааны, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд очсон яллагдагч битгий хэл, ялтан ч байна. Албан тушаалаа урвуулсан хэргийн яллагдагч Элчин сайд болж дэвшин гадаадад суугаа нь ч бий. Ял шийтгүүлчихээд төрийн нэгэн сангийн удирдах албан тушаал хашиж суусан, Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч, судалгааны хүрээлэнгийн захирал албан тушаалд томилогдоод байгаа хүн ч байгаа. Тэр бүгдээс Засгийн газрын агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, орон нутгийг онцолсон нь авлига дунд, доод шатандаа байсаар буйг тодотгох гэснийх.